Азүмарюү С.Тодбилэгийн зодог тайлах ёслол Японд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-01 11:41:30

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд барилдаж явсан Монголын бөх Азүмарюү С.Тодбилэгийн зодог тайлах ёслол Кокүгикан ордонд болж, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүтэй 250 хүн оролцож, үсэнд нь хайч хүргэсэн байна.


Ёслолын өмнө Азүмарюүгийн сүүлийн барилдаан болсон бөгөөд тэрбээр 12 настай ууган хүүтэйгээ маваши углан, золгожээ. Ингээд түүний анхны багш Таманой ояката буюу озэки асан Точиазүма хамгийн сүүлд үсийг нь авснаар С.Тодбилэг сумо бөхийн амьдралдаа албан ёсоор цэг тавилаа.


Азүмарюү “Гэмтэл бэртэл ихтэй байсан ч ийм олон хүн үсэнд минь хайч хүргэсэнд баяртай байна. Дэмжигчдийн нийгэмлэгийн хамт олон, ояката, окамисан, тусалж байсан бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Гэмтэж бэртээд, хатуужсаны тусаар өдий болтол удаан барилдаж чадлаа. Өөртөө “Сайн байна, хичээсэн шүү” гэж хэлье. Сумо барилдсан 15 жил үнэхээр аз жаргалтай байлаа. Цаашдаа Япон, Монголын хооронд харилцааны гүүр болох хүсэлтэй. Японы сайн сайхан зүйлийг Монголдоо аваачмаар байна” гэжээ.


Азүмарюү Говь-Алтай аймгийн уугуул.  2003 оны 11 дүгээр сард Японы Мэйтокү дунд сургуульд элссэн. Кюүшюүгийн Мэдээллийн их сургуульд элсэж, Японы аварга шалгаруулах сумо бөхийн тэмцээнд хүрэл медаль хүртэж байлаа. Гуравдугаар дамжаанаасаа мэргэжлийн сумо бөхийн “Таманой” дэвжээнд орсон. 2009 оны нэгдүгээр сараас барилдаж, 2013 оны Зуны тэмцээнд дээд зиндаанд дэвшсэн. Макүүчид 11 башё барилдсан бөгөөд замналдаа нийт 528 давж, 522 унасан байна.


















Холбоотой мэдээ