“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монголын орчин үеийн хөгжмийн урлагт өөрийн өнгө аяс, дуу хоолой, мэргэжил мэдлэг, авъяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан “New Star” студи 20 жилийн ойн “Бүх оддын тоглолт”-ын товоо зарлалаа.
“UG Arena” спорт цогцолборт энэ сарын 18-нд болох уг тоглолтод 20 хамтлаг, дуучин оролцох юм. Тус студи орчин цагийн хөгжмийг өнөөгийн мэргэжлийн түвшинд авчрахад томоохон хувь нэмрээ оруулсан хэмээн салбарынхандаа тодорхойлогддог бөгөөд дуу, кино, жүжгийн урлагийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, олон зуун дууны аялгуу, хөгжмийн найруулгыг хийсээр ирсэн юм. Тиймдээ ч 20 жилийн ойдоо зориулан тус студиэс төрөн гарсан “Сар шиг хол нутаг”, “Үзэсгэлэнт минь”, “Буруу эргэлт” киноны дуу, “Илчилж амжаагүй хайр”, “Хагацал үзээгүй хайр” зэрэг 40 гаруй хит дууг сонгожээ.
Түүнчлэн дуучин Э.Энх-Эрдэнэ “My love” дууг кантри стилээр, дуучин Д.Оюу “My Vision”-ыг, Жэйсон, А.Хишигдалай нар “Нууц амраг чинь болъё” жүжгийн дуу “Илчилж амжаагүй хайр”-ыг, Д.Зоригт “Өвлийн дуу”-г, И.Мишээл “Sweet girl”-ыг шинэчилсэн найруулгаар дуулж, сонсогчдын хүртээл болгоно.
“Пентатоник” академийн дээд шагналт, шилдэг хөгжмийн найруулга, кино жүжгийн дууны шагналт “New Star” хөгжмийн студи нь продюсеринг, ая зохиох, лэйбел, хоолой бичлэг, аранжировк, миксинг мастеринг, томоохон шоу тоглолтын зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн студи юм.
Тасалбарыг shoppy.mn-ээс худалдан авах боломжтой бөгөөд энэ сарын 13-ныг тасалбар 70 мянган төгрөг болж хямдарсан байгаа аж.
Ташрамд сонирхуулахад, тус студийг “Айзам 2” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч, оранжировшик С.Гантөр гэргий Л.Энхмандахын хамт үүсгэн байгуулсныг уншигчид мэдэх биз. “New Star” студи байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй томоохон тоглолт зохион байгуулжээ.