Тогтвортой хөгжлийн эрин үеийг эхлүүлэгч Бан Ги Мүн юуг онцолж байв?
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Шинжээчид Бан Ги Мүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсоноор дэлхий нийт "Тогтвортой хөгжлийн эрин үе" гэж нэрлэж болох шинэ үе рүү орсон гэж дүгнэдэг.
Тайван амгалан бус бидний ертөнцөд эв нэгдэл хамгаас чухал юм. Тэгвэл Бан Ги Мүн өвөрмөц дипломат арга барилаараа, дэлхийн энэ том байгууллагын тэргүүний хувиар гүйцэтгэсэн үүргээрээ ч энэ эв нэгдлийг илэрхийлсэн. НҮБ-ын тэргүүний сонгуульд дахин ялна гэдэг тийм ч амар зүйл биш билээ. Дэлхийн 192 гишүүн орныг эгнээндээ нэгтгэдэг байгууллагын тэргүүний хувиар тэрбээр дэлхийн хуваагдлыг зайлшгүй арилгах ёстойг мэдэрч байсан нь дамжиггүй.
Товчхондоо, энэ эрин үед бидний аюулгүй байдал, тэр байтугай оршин тогтнох эсэх нь үгээгүй ядуурлыг арилгах, хүн бүрийн эрхийг хангах, хүний буруутай хүчин зүйлээс үүдэлтэй хямралаас байгаль дэлхийгээ хамгаалах гэсэн гурван үндсэн зорилтыг биелүүлж чадах эсэхээс хамаарна. Тэгвэл Бан Ги Мүн бидний сэтгэлгээний төвд тогтвортой хөгжлийг тавих хэрэгтэйг уйгагүй онцолсоор ирсэн билээ.
Түүний байгаль хамгаалал, амар амгалан дэлхий ертөнцийн тухай хэлсэн үгсээс онцлон эшлэж байна.
-Би дайны үед өсөж, НҮБ манай улсыг сэргээн босгоход хэрхэн тусалж байгааг ч харсан. Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд НҮБ-ыг энх тайван, хөгжил дэвшил, хүний эрхийг хангахад бодит үр дүн гаргасан байгууллага байлгахын төлөө зорьж байна.
-Бид шинжлэх ухаан, технологийн өөрчлөлт шинэчлэлтийн эрин үед, үнэндээ маш жижиг ертөнцөд амьдарч байна.
-Бид нэр төртэй амьдрах ёстой. Та хэчнээн их мөнгө, эд баялагтай байсан ч бүх хүнд хүндэтгэлтэй хандахгүй бол хүн бусад амьтнаас юугаараа ялгарах вэ? Иймээс хүний эрх бол маш чухал асуудал юм.
-Уур амьсгалын өөрчлөлтөд маш бага нөлөө үзүүлсэн ч хамгийн их хохирол амсаж буй орнуудад баян, хүчирхэг улсууд туслахгүй бол улс төр, ёс суртахууны хувьд хариуцлагагүй үйлдэл болно.
-Бид гараг дэлхийнхээ байгалийг тогтвортой тэнцвэртэй байгаа эсэхийг шалгаж нягталж байх ёстой. Юуны түрүүнд, энэ дэлхий дээр амьдрах нөхцөл бололцоогоо бүрдүүлэх ёстой. Би энэ тал дээр улс төр, ёс суртахууны хариуцлага хүлээхийг дэлхийн улс орнуудын удирдагчдаас хүсэж байгаа ч үнэн хэрэгтээ бид бүгдээрэээ ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна.
-Бидний хийсэн бүхэн ирээдүй хойч үе, дэлхий дахины сайн сайхны төлөө байх ёстой. Хүн төрөлхтний бүтээсэн бүх л технологи, шинжлэх ухааны судалгааны хүрээнд хүн, амьтан, ургамал амьдарч болох өөр ямар ч гаргийг олоогүй. Энэ дэлхий бол бидэнд байгаа цорын ганц газар юм.
-2012 онд Тогтвортой хөгжлийн зорилтыг тодорхойлж байв. Тухайн үед юу гэж нэрлэхээ мэдэхгүй байсан ч Мянганы хөгжлийн зорилтуудын үйл явцыг үргэлжлүүлэх ёстой гэдгээ л мэдэж байлаа. Бид дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийн санал бодлыг асуухын тулд цахим хуудсаараа хандсан. Залуус, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, улс төрч, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаач гээд 9 сая хүнтэй холбогдон, тэдний хүсэл тэмүүллийг сонссон. Тэд бүгд энэ ертөнцийг илүү сайхан газар болгохыг хүсэж байсан.
-“Парисын хэлэлцээр”-ийг баталсан нь дэлхийн хамтын нийгэмлэгийн эв санааны нэгдлийг харуулсан том урам зориг өгсөн үйл явдал. Гэхдээ энэ баримт бичиг урт зам туулна.
-Монгол Улс нь ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн, Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж буй үлгэр жишээ цөөхөн орны нэг.