ДУНДГОВЬ: Ундны усны эх үүсвэрийг хамгаалалттай болгох асуудлыг шийдвэрлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-11-11 14:59:23
altantogos

Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн төвийн айлуудын ундны усны эх үүсвэрийг байнгын хамгаалалттай болгох, шилэн кабелиар холбох асуудлыг ирэх онд шийдвэрлэхээр боллоо.


Аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Мөнхбат, Байгаль орчны газрын дарга Н.Гантулга, Дундговь-Ус ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Б.Уламбаяр болон холбогдох мэргэжилтнүүдийн хамт аймгийн төвийн ундны усны эх үүсвэр, өргөх насос станц, болон хлоржуулах байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажллагааны талаар санал солилцжээ.


Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас 2022 онд тус аймгийн ундны усны чанар, аюулгүй байдал, хүрэлцээ хангамжийн талаар баримталж буй бодлого, түүний хэрэгжилт үр дүнд гүйцэтгэлийн аудит хийж, зөвлөмж хүргүүлсэн.


Уг зөвлөмжийн дагуу орон нутгийн төсвийн хөрөнгөөр 15 сумын “Ус ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын хөтөлбөр, төлөвлөгөө” боловсруулах, ундны усанд дүн шинжилгээ хийх, усны тоо бүртгэлийн ажил, усны сан бүхий газарт тэмдэг тэмдэглэгээ байршуулах, Олгойн говийн болон аймгийн төвийн усны эх үүсвэрийг камержуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн ба ундны усны эх үүсвэрийн худгуудыг хашаажуулахаар тендер зарласан байна.   


Мандалговь хотын ундны усны эх үүсвэрийн худгуудыг цагдаагийн байнгын хамгаалалттай болгох, шилэн кабелиар холбох ажлын төсвийг тодорхойлж, 2025 оны орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлснээр аймгийн төвийн хүн ам шаардлага хангасан ундны усны эх үүсвэрээр хангагдана.


Түүнчлэн ундны усны худгуудыг бүрэн автоматжуулах боломжтой ба тухайн асуудлыг судалж, танилцуулахыг холбогдох мэргэжилтнүүдэд чиглэл болгожээ.

Холбоотой мэдээ