ДУНДГОВЬ: "Эрүүл Дундговь" өглөөний дасгалд 80 гаруй хүн тогтмол оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сар аяны
хүрээнд Дундговь аймгийн БТСГ-аас нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, олон
нийтийн оролцоог хангах, сурталчлах зорилгоор “Эрүүл Дундговь” өглөөний
дасгалыг зохион байгуулж байна.
БТСГ-аас Соёлын бүтээлч
сар аяныг “Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024” болгон тэмцээн,
уралдаан, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг
нь “Эрүүл Дундговь” өглөөний дасгал юм.
11 дүгээр сарын 1-нээс
эхлэн өдөр бүр 7.00 цагаас эхэлж буй дасгал хөдөлгөөнд 80 гаруй хүн тогтмол оролцож байна. “Эрүүл
Дундговь” өглөөний дасгал энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ.
Түүнчлэн “Биеийн тамир, спортын бүтээлч сар” аяны хүрээнд тус аймгийн хэмжээнд шагайн отго харваа, аймгийн аварга шалгаруулах ахмадын волейболын тэмцээн, ХБИ-ийн спортын наадам, төрийн байгууллагуудын спортын наадам, “Мөрөөдлийн гоол 2024-2025” футзалын тэмцээн, Улс тунхагласны баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан, Грассарүүтс хүүхдийн хөл бөмбөгийн фестивалийг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.