ДУНДГОВЬ: “Ахмад настны тухай” хуулийг таниулах бүсийн сургагч багш нарыг бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-11-14 18:34:26
altantogos

Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. “Ахмад настны тухай” хуулийг сурталчлан таниулах говийн бүсийн зөвлөгөөн, 2 өдрийн сургалт Дундговь аймагт болж байна. Зөвлөгөөнд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 54 төлөөлөгч оролцож байгаа юм.


Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ахмад настны талаар авч, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Шинэ сэргэлтийн бодлого-Ахмадын оролцоо” үндэсний чуулганаас дэвшүүлсэн зорилт, зөвлөмжийг хэрэгжүүлэх, “Ахмад настны тухай” хуульд орсон нэмэлт өөрчлөлт“, түүний үндэслэл, онцлог, холбогдох бусад хууль, журамд орсон өөрчлөлтийн тухай оролцогчдод мэдээлэл өгч байна.


“Ахмад настны тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2024 оны 6 дугаар сарын 5-нд баталсан бөгөөд хуулийг 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.


Тус хуулийг дагаж Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Аж ахуйн нэгжийн албан татварын тухай, Компанийн тухай, Эрүүл мэндийн тухай хууль зэрэг 9 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.


Уг хуулиар ахмад настны цогц тусламж, сэргээн засах, хувилбарт, эрүүл мэнд, хөгжлийг дэмжих, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэг олон төрлийн үйлчилгээг өргөтгөж, ахмад настныг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах, соёл, урлаг спорт, орчин үеийн техник хэрэгсэл ашиглах, сурч хөгжихөд нь чиглэсэн олон талт үйл ажиллагааг дэмжих, тэтгэврийн насанд хүрсэн бол ажлаас нь халахгүй байх, тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхөөс чөлөөлөх зэрэг ахмадуудын нийгмийн асуудал, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэхээр тусгасан байна.


Дундговь аймгийн хэмжээнд нийт 5946 ахмад байдаг ба аймгийн Ахмадын хорооны дэргэд 278 сумын болон байгууллагуудын ахмадын зөвлөл ажилладаг. Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун тус зөвлөгөөний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ орон нутгийн зүгээс аймгийн Ахмадын хорооны үйл ажиллагааны болон урсгал зардалд жил бүр 50,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг ба сүүлийн 2 жилд аймгийн ИТХ-аар 101,8-136,2 сая төгрөгийн төсөв нэмэгдүүлэн баталсныг тэмдэглэн хэллээ.


Зөвлөгөөнд оролцож байгаа төлөөлөгчид сургагч багшаар бэлтгэгдэн аймаг аймагтаа “Ахмад настны тухай” хуулийг сурталчлан таниулах сургагч багшаар бэлтгэгдэж байгаа нь уг зөвлөгөөний онцлог юм. 



Холбоотой мэдээ