Сүүн замын гадна орших мөхөж буй одны зургийг анх удаа авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-11-22 17:01:26

МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 22. /TASS/. Одон орон судлаачид анх удаа Сүүн зам дотор биш, харин хөрш Магелланы том үүл галактикийн мөхөж буй аварга том улаан одны зургийг авчээ. Энэхүү од нь мөхсөнийхөө дараа сансар огторгуйн хэмжээсээр удахгүй хэт шинэ од болж хувирна гэж Европын өмнөд бүсийн одон орны ажиглалтын төвийн (ESO) хэвлэлийн алба мэдээлэв.  


"Эдгээр зургуудаас бид одыг тойрсон өндөг хэлбэртэй "бүрхүүл"-ийг олж илрүүлсэн нь маш сонирхолтой нээлт болсон. Учир нь “WOG G64” аварга том улаан одонд ийм бүтэц байгаа нь мөхөж буй од нь асар хүчтэй супернова тэсрэлт болохын өмнө их хэмжээний матери ялгаруулдаг байж магадгүйтэй холбоотой” гэж Андрес Бельогийн нэрэмжит их сургуулийн судлаач Кэйити Онака ярилаа. 


Онака болон түүний багийнхан Сүүн зам галактикийн зэргэлдээ хамгийн ойр орших “WOG G64” дугаартай аварга том улаан одыг ажиглах явцдаа энэ нээлтийг хийжээ. Энэхүү аварга том улаан од нь Дэлхийгээс 160 мянган гэрлийн жилийн алсад "Магелланы том үүл" галактикт оршдог ажээ. Уг од Нарнаас 1.7 мянга дахин том хэмжээтэй бөгөөд энэ нь түүний асар их масс болон мөхлийнх нь сүүлчийн үе шатанд гаднах бүрхүүл нь огцом тэлж томорсонтой холбоотой байна. 


Ийм аварга том хэмжээ, түүнчлэн ажиглалт хийхэд тохиромжтой байрлал нь одон орон судлаачдад Атакама цөл дэх VLT дуранд суурилуулсан VLTI болон GRAVITY хэрэгслийг ашиглан энэхүү аварга том улаан од болон түүнийг хүрээлсэн бүрхүүлийн зургийг өндөр нарийвчлалтай авах боломжийг олгожээ. Эдгээр зургийг судалснаар эрдэмтэд мөхөж буй уг од нь өндөгтэй төстэй хэлбэртэй, халуун хийн маш нягт бүрхүүлээр, мөн цагираг хэлбэртэй хий-тоосонцор бүтцээр хүрээлэгдсэн болохыг тогтоосон байна. 


Аварга том улаан одыг өндөг шиг биш харин бөмбөрцөг хэлбэртэй халуун хий, тоосонцор хүрээлсэн байх ёстойг компьютерийн загварууд харуулж байсан тул энэхүү нээлт нь судлаачдын хувьд гэнэтийн зүйл болжээ. 


Хийн тоосонцрон энэ бүрхүүл нь сунгаж татсан юм шиг хэлбэртэй байгаа нь уг одны ойролцоо бидэнд үл харагдах дагуул байгаатай холбоотой байж магадгүй гэж одон орончид таамаглаж байгаа ажээ. 


Эдгээр зургийг сүүлийн арван жилийн хугацаанд цуглуулсан “WOG G64”-ийн бусад ажиглалтын мэдээлэлтэй харьцуулахад хэлбэр дүрс, бүтэц нь мэдэгдэхүйц өөрчлөгдөж, өмнөхөөсөө хамаагүй бүдэг болж байгааг харуулжээ. Ингэж бүдэгрэх нь супернова тэсрэлт удахгүй эхлэх гэж байгааг илтгэж байгаа бөгөөд эрдэмтэд “WOG G64” одны дараагийн ажиглалтын үеэр үүнийг нягтлахаар төлөвлөж байна.


Холбоотой мэдээ