Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргааны үйл ажиллагаатай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-12-17 09:28:44

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах тухай УИХ-ын 2023 оны  тогтоолын хэрэгжилтийг хангах, бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргааны үйл ажиллагаатай танилцлаа.


Шинэ Хархорум хот байгуулахад шаардлагатай төлөвлөлт, бүтээн байгуулалт, эрхзүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, менежментээр хангах үүрэг бүхий тус захиргаа Засгийн газрын шийдвэрээр 2023 онд 30 орон тоотой байгуулагдан, одоогоор 27 хүн ажиллаж байна. Энэ хугацаанд Шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд шаардлагатай суурь судалгаа, тэр дундаа хүн амын ахуйн ундны зориулалттай усны хайгуул, инженер-геологи, байр зүйн судалгаа, байгаль орчны үнэлгээ, археологи, палеонтологийн судалгааны нэгдсэн дүгнэлтийг хийж дуусгаад байгааг тус захиргааны дарга Н.Нацагдорж танилцуулав.


Энэ оны гуравдугаар сард Шинэ Хархорум хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, хот төлөвлөлтийн зарчим, дүр төрхийг тодорхойлохоор ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, 54 улсын 426 баг бүртгүүлснээс 76 баг бүтээлээ ирүүлсэн. Тэдгээрээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн бүтээлийг шалгаруулан хотын төлөвлөлтөд ашиглаж байгаа ажээ.


Орхоны хөндий нь эртний төрт улс болох Хүннү гүрний Луут хотоос эхлэн, Жужаны Мумо хот, Уйгурын Хар балгас, Түрэгийн хаад, ноёдын тахилын онгон, Их Монгол улсын Хархорум хот байрлаж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг юм. Иймд Шинэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлтийг соёл, аялал жуулчлал, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв болгон байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан, ухаалаг, эко хот байхаар хийж байгаа. Нийт 189 363 га талбай бүхий тус хот 500 мянган хүн амтай, суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж байх юм. 


Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын 2024 оны захирамжаар байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагч, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Г.Лувсанжамц, Д.Пүрэвдаваа, Б.Пунсалмаа, Н.Батсүмбэрэл нар Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргааны үйл ажиллагаа, хотын ерөнхий төлөвлөлттэй танилцахын зэрэгцээ Хархорин хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцсэнийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ