ДУНДГОВЬ: Албан хэргийг хос бичгээр хөтөлж явуулах тухай үүрэг, чиглэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-01-03 11:24:42
altantogos

Мандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга 2025 оны 01 албан тоотоор 15 сумын Засаг дарга, Хэлний бодлогын салбар зөвлөл, төрийн байгууллагуудад албан хэргийг кирилл, монгол бичгээр хослуулан хөтлөн явуулах тухай үүрэг, чиглэл өглөө.


Монгол хэлний тухай хуулийн 7.2-т “үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” хэмээн заасан ба энэхүү заалтыг 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан.


Энэ дагуу дээрх албан тоотоор холбогдох байгууллага, албан тушаалтнуудад монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага, стандартын дагуу албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулж, өөрсдийн албан ёсны мэдээллийн хуудас, веб сайт, цахим хуудсанд байршуулан сурталчлахыг үүрэг, чиглэл болгожээ.


Хос бичгээр хөтлөн гаргасан албан тоотуудыг Дундговь аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн пэйж хуудсанд байршуулж, хэрэгжилтийг тооцон ажиллахыг мөн үүрэг болгосон байна. 


Холбоотой мэдээ