ДУНДГОВЬ: Цэргийн бүртгэл эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 15 суманд нэгдүгээр сарын 6-наас цэргийн бүртгэл зохион байгуулж эхэллээ.
Тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн
штабын мэдээлснээр Цэргийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслэн тус аймгийн
Засаг даргын шийдвэрээр 2025 оны нэгдүгээр сарын 6-24-ний өдөр хүртэлх хугацаанд
15 суманд цэргийн бүртгэл зохион байгуулах юм.
Цэргийн бүртгэл нь цэргийн
үүрэгтэн техникийн нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг
тодорхойлох, цэргийн алба хаах үүрэг бүхий иргэн болон цэргийн анги, байгууллагыг
техникээр нөхөн хангах эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгж, иргэний талаар шаардлагатай
лавлах, мэдээллийн сан бүрдүүлэх зорилготой.
15 суманд цэргийн бүртгэлийг
ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга, статистик болон бүртгэл хариуцсан
мэргэжилтэн зохион байгуулах бол тоон бүртгэлийг аймгийн Цэргийн штаб хийнэ.
Цэргийн I зэргийн бэлтгэл
үүрэгтний нэрийн бүртгэлд бэлтгэл офицер буюу 65 хүртэлх насны дээд офицер, 60 хүртэлх
насны ахлах офицер, 55 хүртэлх насны дунд офицер, 50 хүртэлх насны эмэгтэй
офицер, бэлтгэл ахлагч буюу эрэгтэй 55, эмэгтэй
50 хүртэлх насны ахлагч, бэлтгэл байлдагч буюу 50 хүртэлх насны түрүүч цолтон,
мөн цагдаа, тагнуул, ШШГ, ШША-д цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр алба хаасан төрийн
тусгай алба хаагчид хамрагддаг.
Харин цэргийн II зэргийн бэлтгэл
үүрэгтний нэрийн бүртгэлд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаасан 20-50, алслагдсан
сум, сум дундын болон багийн эмнэлэгт эмч, сум, багийн сургуульд багшаар
ажилласан 25-50, дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан
26-50, цэргийн жинхэнэ алба хаагаагүй 18-25, 26-50 настай иргэд болон цэрэгт бүртгэлтэй
мэргэжил эзэмшсэн 18-50 насны эмэгтэйчүүдийг хамруулна.
Мөн цэргийн жинхэнэ алба
хааж байгаа, тайван цагт цэргийн албанд тэнцээгүй болон ял эдэлж байгаа,
цэргийн бүртгэлийн журам журам зөрчиж бүртгэлд хамрагдаагүй 18-50 настай
иргэдийг мөн бүртгэнэ.
Дундговь аймгийн хувьд алслагдсан
сумын жагсаалтад Өндөршил, Баянжаргалан, Цагаандэлгэр, Дэлгэрхангай, Сайхан-Овоо
сум ордог, харин цэрэгт бүртгэлтэй мэргэжил гэдэгт хүний их бага эмч, сувилагч,
асрагч, техникч, инженер, механикч, залгагч, хими, биологийн багш, гадаад
хэлний багш, орчуулагч, талхчин, тогооч зэргийг бүртгэдэг байна.