ДАРХАН-УУЛ: Багийн төвүүдэд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дархан сумын 18 багийн төвд нийгмийн ажилтан ажиллахаар сонгон шалгаруулалтад тэнцжээ. Баг тус бүрд тэнцсэн 18 нийгмийн ажилтныг өнөөдөр Дархан сумын Засаг даргын орлогч Б.Мөнх-Эрдэнэ, ХГБХХГ-ын дарга А.Амгалан нар хүлээн авч уулзжээ.
Хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтнууд хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд шуурхай тусламж үзүүлэх, эрсдэлт нөхцөлийг эрт илрүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Мөн хүүхэд хамгааллын ажилд оролцогч байгууллагуудыг холбох, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх юм.
Мөн Орхон, Хонгор, Шарын гол суманд тус бүр нэг нийгмийн ажилтан ажиллахаар болжээ.
Жишиг албан тушаалын тодорхойлолтод заасан эрхзүйч, нийгмийн ухааны багш, насан туршийн боловсролын төвд ажиллаж байсан, сэтгэл судлал, гэр бүл судлал, хүн ам зүй зэрэг мэргэжлийн индекс таарсан иргэд сонгон шалгаруулалтад тэнцсэн байна.
Ташрамд, Хүүхэд хамгааллын тухай хуулийн
шинэчилсэн найруулгад сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн
ажилтан ажиллах шинэ зохицуулалт орсон. Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын
25-ны өдрийн 237 дугаар тогтоол гарч, орон нутагт 565, нийслэлд 268, улсын
хэмжээнд нийт 833 нийгмийн ажилтан ажиллахаар болжээ.