ДАРХАН-УУЛ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төв байгуулах асуудлаар санал солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-02-10 16:36:26

Дархан, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвийг нээн ажиллуулбал засгийн газраас дэмжин ажиллана гэдгийг илэрхийлсэн. Энэ хүрээнд өнөөдөр ГБХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогтбаатар аймгийн удирдлагуудтай уулзлаа.


Уулзалтад аймгийн засаг дарга Б. Азжаргал, НБХ-ийн дарга Н.Цасчихэр, ХГБХХГ-ын дарга А.Амгалан нар оролцож хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төв байгуулах талаар санал солилцлоо.


ГБХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогтбаатар хэлэхдээ, "Орон нутаг уг төвийг бий болгох байраар ханган ажиллавал үйл ажиллагаа, урсгал зардлын санхүүжилтийг улсын төсвөөс олгох боломжтой" гэв.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсроход орон нутгийн зүгээс бүхий л боломжоор дэмжин хамтран ажиллана гэж аймгийн засаг дарга тодотгов.


2023 оны байдлаар тус аймагт ЕБС болон СӨББ-ын тусгай хэрэгцээт 526 хүүхэд байдаг судалгаа гарчээ. Үүнээс 317 хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагддаг бол 209 хүүхэд гэртээ байдаг гэжээ.


Тиймээс дээрх төвийг байгуулснаар эдгээр тусгай хэрэгцээт хүүхдүүд боловсролын үйлчилгээг тус төвөөр дамжуулан авах боломжтой болох юм.





 

Холбоотой мэдээ