Эр-Риядын уулзалт бол Украины асуудлаарх хэлэлцээ биш гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 18 /AFP/. Саудын Арабын нийслэл Эр-Риядад Оросын төлөөлөгчидтэй хийх уулзалтыг Украины асуудлаарх хэлэлцээний эхлэл биш, харин Ерөнхийлөгч Дональд Трамп, Владимир Путин нарын утсаар ярьсан ярианы үргэлжлэл гэж АНУ-ын засаг захиргаа үзэж байгаа тухай Төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга Тэмми Брюс даваа гарагт мэдэгдэв.
ОХУ-ын төлөөлөгчдийн гишүүн, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өмнө нь мөн ийм утгатай мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр хэлэхдээ, Саудын Арабад Орос, Америкийн төлөөлөгчид Украины асуудлаарх хэлэлцээг хэрхэн эхлүүлэх талаар хэлэлцэнэ гэжээ. "Америкийн тал бидэнтэй хэлэлцээ хийх гол төлөөлөгчөө хараахан томилоогүй байгаа тул Украины асуудлаарх хэлэлцээг хэрхэн эхлүүлэх вэ гэдэг нь одоо гол асуудал" гэдгийг Ю.Ушаков дурдлаа.
Хоёрдугаар сарын 18-нд болох хэлэлцээнд Ю.Ушаковоос гадна ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцоно. Түүнчлэн ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мөн яриа хэлэлцээнд оролцож магадгүй гэж ТАСС агентлаг мэдээлжээ. Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолтц, Ойрх Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Стив Уиткофф нар багтах аж.
АНУ, Оросын хэлэлцээнд Украины төлөөлөгчид оролцохгүй
Саудын Арабад болох хэлэлцээнд Украины төлөөлөгчид оролцохгүй гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна. Өмнөх өдөр нь буюу даваа гарагт Украины засгийн газрын төлөөлөгчид В.Зеленскийн айлчлалд бэлтгэхээр Саудын Арабад ирээд байгаа юм.
Түүнчлэн Европын орнуудын төр, засгийн тэргүүн нар Украины асуудлаар байр сууриа нэгтгэхийн тулд Парист уулзсан байна. Германы Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, Европын орнууд байр сууриа ийнхүү нэгтгэсний дараа Украины хямралыг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлно гэжээ.