Олон улсын хурлыг угтсан 27 удаагийн зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-15 09:32:12

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Жендэрийн Үндэсний хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Азийн Хөгжлийн банктай хамтран  “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг Улаанбаатар хотноо тавдугаар сарын 22-23-нд зохион байгуулна.


Тус хурлыг “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулах юм. Энэхүү олон улсын хурлыг угтсан 27 удаагийн зөвлөлдөх уулзалт гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 20-ны өдрүүдэд болно. Зөвлөлдөх уулзалтад төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан нийслэл, 21 аймагт зохион байгуулах юм.


Үүнтэй холбогдуулан энэ сарын 14-нд холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулж, “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлын онцлог, зорилго, хүрэх үр дүнг танилцуулан, олон улсын хурлаас гарах Уриалгын төсөлд санал авах зөвлөлдөх уулзалт хийлээ. Зөвлөлдөх уулзалтаас гарсан санал зөвлөмж нь олон улсын хурлын гол үр дүн болох Уриалгад тусгагдах бөгөөд цаашид Монгол Улсын Засгийн газар олон улсын түвшинд энэхүү уриалгыг хэрэгжүүлэхэд оролцогч улс орнуудтай хамтран ажиллана.


Энэ онд зохион байгуулах “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлаас гарсан уриалга нь 2026 онд Монгол Улсад зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд хувь нэмрээ оруулах юм.

 

Холбоотой мэдээ