Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” уриан дор тэмдэглэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” уриан дор орон даяар тэмдэглэж байна.
Ойн хүндэтгэлийн чуулган Төрийн ордонд болж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд тэргүүн, ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Боловсролын сайд П.Наранбаяр тэргүүтэй албаныхан оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллага, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлье. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод нэгдэж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, үндсэн эрхийг нь хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, чадавхжуулах, сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, шинжлэх ухаан, технологийн ордон, спортын цогцолбор, урлагийн ордон, дөрвөн улирлын зуслан зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ. Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг өнөөдөр хэлэлцэх шаардлагатай” хэмээн онцоллоо.
Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, “Хүүхэд бүр цэцэрлэгтэй, сургуультай, зуслантай, хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байна. 2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдэн орсны 35, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жилийн ой давхар тохиож байна. Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжихөд үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмад, дунд, залуу үеийнхэн, хойчийг залгамжлагч хүүхэд багачууд, энэ байгууллагаар овоглосон хүндэт төлөөлөгчдөд түүхт өдрийн мэнд дэвшүүлье. Бид гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлж, тогтолцоог бэхжүүлэх, үйлчилгээний тогтвортой үргэлжлэх чадавхыг нэмэгдүүлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг төрөлжүүлэх, хөгжлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр хувийн түншлэл, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, оролцоо, манлайллыг ханган ажиллана” хэмээлээ.
Харин Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Бүхнийг хүүхдийн төлөө” илтгэл танилцуулж, Засгийн газраас хүүхдийн төлөө хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Манай улсын хүн амын 37.7 хувь буюу 1.3 сая нь хүүхэд. Тэгвэл 2024 оны байдлаар бүртгэлтэй 61 хүүхдийн зуслангийн 53 нь тогтмол үйл ажиллагаа явуулж 91 мянган хүүхэд амарчээ. Харин 2017-2024 онд Гэр бүлд зөвлөгөө өгөх 38 төв, танхимыг байгуулж, жилд дунджаар 318000-416000 иргэн зөвлөгөө авсан байна. Түүнчлэн 2021-2025 онд олон улс, тив, дэлхийн соёл урлаг, спортын уралдаан тэмцээн, наадам, олимпиадад 470 хүүхэд амжилттай оролцож, Хүүхдийн төлөө сангаас 890.9 сая төгрөгийн урамшуулал, дэмжлэг олгожээ.