Увс аймгийн Сагил сумын 100 жил, улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос зарласан хуваарийн дагуу тавдугаар сард зохион байгуулах дөрөв дэх барилдаан энэ сарын 10-нд болно.
Энэ нь Увс аймгийн Сагил сумын 100 жил, тус сумаас төрөн гарсан улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан юм. Тэгвэл тус барилдаанд зодоглох бөхчүүдийн бүртгэл албан ёсоор өнөөдөр эхэлсэн бөгөөд үзэгчдээс азтан тодруулж, Тоёота приус-41 маркийн авто машинаар урамшуулах аж.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй улсын начин Б.Насандэлгэрийн тухайд 1998 онд 20 насандаа сумын заан цолд хүрсэн байдаг. Түүнээс хойш таван жилийн дараа Хөвсгөлийн наадамд тав давж аймгийн начин цол хүртсэн бол 2005 онд Ардын хувьсгалын 84 жилийн ойн баяр наадмаар аварга О.Балжиннямаар дөрөв, заан О.Одгэрэлээр тав давж улсын начин цолын босго давсан түүхтэй. Харин Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд түрүүлж үзээгүй бөгөөд нийслэлийн МАН-ын 85 жилийн ойн барилдаанд улсын заан М.Өсөхбаяраар тав давж шөвгөрсөн нь түүний хамгийн өндөр амжилт юм.
Ташрамд дурдахад, энэ сарын 25-нд зохион байгуулах “Монгол сугалаа” компанийн нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг цуцалсан байна.