ДОРНОД: Баяндун сумын Нэмнэ, Тогоот, Халиун, Бэрх, Баян талын эхээр нарс, хар мод, хус, улиас, бургас элбэг ургадаг
ФОТО МЭДЭЭ
Чойбалсан, 2025 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баяндун сум тал хээр, ой мод хослосон үзэсгэлэнт байгаль, ховор ан амьтадтай. Энэ давуу талаа түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэхээр зорьж байна.
Улз голоос урагших Их газар, Согоот, Тэмээн чулуу зэрэг газар хус, улиас, бага боловч ургадаг. Энд нэрс, мойл, улаагана, үхрийн нүд, нохойн хошуу, үрэл зэрэг жимстэй. Буга, бор гөрөөс, зээр, шилүүс, үнэг, хэрэм, туулай, чоно, хярс, өмхий хүрэн, дорго, тарвага гэх мэт ан амьтантай.
Сумын хойт талын Нэмнэ, Тогоот, Халиун, Бэрх, Баян талын эхээр нарс, хар мод, хус, улиас, бургас элбэгтэй. Хусны шүүс уух, нарсан ойд аялж зугаалахыг хүссэн хүмүүс сүүлийн жилүүдэд сонирхон зорьж очих болжээ. Сонирхуулахад, нарс нь агаарыг төрөл бүрийн нянгаас цэвэрлэдэг бөгөөд нэг нарс мод жилд зургаан кг нүүрсхүчлийн хийг шингээдэг. Нарсан ойд алхахад биеэс тамхины никотины хор гадагшилж, уушги цэвэршин сэтгэл санаа тайвширч, стрессээс үүдэлтэй өвчин эдгэдэг гэж үздэг. Мөн нарсыг эртнээс эмийн ургамал болгож хуян хөөрөх, тууралт, булчингийн өвдөлт, цус багадалт, нойргүйдэл, хоолны дуршил буурах, архаг ядаргаа, чихрийн шижин, зүрх судасны өвчнийг анагаахад ашиглаж ирсэн байдаг.