Бүх төрлийн хүчирхийллийг тэг болгох урианд 3800 хүүхэд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-16 11:34:27

Ховд аймгийн хүүхэд багачууд аймгийнхаа төв талбайд цуглаж, Нэг санаачлага- Нэг ажил аяны хүрээнд зохион байгуулж байгаа “Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг Тэг болгоё” жагсаалд оролцлоо.

Энэ жагсаалаар Ховд аймагт хүүхдийн хамгаалуулах, амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа тулгамдсан хоёр судалгааны дүгнэлтийг үндэсний хэмжээнд ил гаргаж, олон нийтийн анхааралд хүргэж, дуу хоолойгоо нэгтгэж, шударга ёсны төлөө тэмцэхийг гол зорилго болгожээ. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө нэгдэн чуулсан энэхүү жагсаалд Ховд аймгийн удирдлагууд, 33 албан байгууллагын дарга нар, ажилчид, Хөгжил политехник коллеж, Жаргалант сумын ЕБС-ийн 8-12-р ангийн сурагчид нийт 3800 хүн оролцлоо. Жагсагчид хүүхдийн хамгаалуулах,хөгжих, амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа хамгийн тулгамдсан асуудлыг Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Мөрдөн байцаах газар зэрэг холбогдох байгууллагуудын сонорт хүргэхээ илэрхийллээ.

Өнөөдрийн байдлаар хүүхдийн хүчирхийллийн асуудлыг аймгийн хэмжээнд судалж үзэхэд хүүхдийн эсэн мэнд, амар тайван амьдрах хамгийн анхдагч орчин болсон гэр бүл дэх хүчирхийлэл, мөн эцэг эхийн хараа хяналтаас далд нууцаар үйлдэгддэг насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн хүчирхийллийн хохирогч болгох гэсэн  хүчирхийллийн хэлбэрүүд давамгайлж байгааг албаны эх сурвалж онцлож байна.

Өнгөрсөн дөрвөн  жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 144 гомдол 50-д эрүүгийн хэрэг үүсгэжээ. Харин бэлгийн хүчирхийлэлд өртсөн 42 гомдол мэдээлэл ирсэн ч нэгд нь ч хуулийн хариуцлага хүлээлгээгүй нь төрийн хууль ямар байдгийг харуулж байгаа юм.

Үүнээс гадна Монгол улсад сүүлийн 4 жилд насанд хүрээгүй 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр хорвоог орхисон гэсэн тоон мэдээлэл байдаг.Жагсаалд оролцогчид хүүхдийн  эрхийг хамгаалуулах, хөгжих, оролцох, амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа тулгамдсан асуудлыг холбогдох байгууллагуудын сонорт хүргэх үүднээс бүх нийтээрээ “Хүүхдийн эсрэг бүх төлрийн хүчирхийллийг тэг болгох”-ыг уриалсан тэг зогсолт, хүчирхийллийн улмаас амь насаа алдсан ээжүүд болон хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн 30 секунтын чимээгүй зогсолт хийв.

Мөн хүчирхийллийн эсрэг аянд нэгдэж, хүүхдүүд гарын үсэг зуран, хүчирхийллийн эсрэг “Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг тэг болгоё” уриаг нэгэн дуугаар хэлж хүүхдийн хүчирхийллийн эсрэг  Ховдын хүүхдүүд ийн жагслаа.

Насанд хүрээгүй хүүхдүүдийн өмнө үе тэнгийн дарамт шахалт, сургуулийн орчин, гэр бүлийн хүчирхийлэл үүнээс гадна хүүхдийн бэлгийн хүчирхийлэл ил болон далд хэлбэрээр явагдаж байгаа нь тулгамдсан асуудал юм. Насанд хүрсэн хүмүүс хүүхдийг хүчирхийлэгч биш тэдний сайн найз нь байгаасай гэдгийг хүүхдүүд хүсч байлаа.

Сүүлийн жилүүдэд 18 нас хүрээгүй хүүхдүүдийн эрх зөрчигдөн, олон хүүхэд томчуудын буруутай үйлдлээс болж, хүүхдийн хүчирхийлэлд ил болон далд хэлбэрээр өртөж, зарим нь бүр амь насаа алдах харамсалтай тохиодол гарсаар байгаа. Энэ байдлыг үл тэвчиж  хүүхдийг ивээх сангийн санаачлагаар 2007 оноос эхлэн жил бүрийн 11-р сарын 19-ний өдрийг Хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон. Энэ өдрийн хүрээнд олон ажил хийж байгаагийн нэг нь үндэсний хэмжээнд өрнөж буй “Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг тэг болгоё” уриатай “нэг санаачлага нэг ажил аян” юм. Энэ аяныг дэмжиж  дээрх жагсаалыг хийжээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ