Мал сүргийг эрсдлээс хамгаалах олон улсын аргачлалд суралцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 16:50:49

Байгаль, цаг агаарын онцгой нөхцөл тохиоход мал аж ахуйгаа эрсдлээс хамгаалах үйл ажиллагааг аль үед нь хэрэгжүүлбэл оновчтой, үр дүнтэй вэ гэдгийг иргэдтэйгээ хамтран хэлэлцэж тодорхойлдог аргачлалыг Эрдэнэдалай, Адаацаг сумын Онцгой байдлын штабын гишүүд болон малчид ашиглахаар болжээ.

PRIM буюу оролцооны аргаар хариу арга хэмжээг тодорхойлох матриц хэмээх энэ аргачлалыг АНУ- ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “ Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийн хүрээнд Мерси Кор байгууллага  орчуулан, Монгол оронд нутагшуулахаар ажиллаж байгаа ажээ.

Тус байгууллагын Дундговь аймаг дахь төлөөлөгчийн газар дээрх хоёр сумын Онцгой байдлын штаб, малчдын төлөөлөл оролцсон 60 гаруй хүнийг оролцуулан  сургалт явуулж, PRIM  аргачлалыг ойлгуулснаар иргэд гамшгийн үеийн урьдчилсан үнэлгээ хийж, авах хариу арга хэмжээг тодорхойлон, гамшиг тохиолдсон үед хор уршгийг бууруулах  төлөвлөгөө боловсруулсан байна.

“Онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ нь зөвхөн хүний амь нас аврахаар хязгаарлагдахгүй, амьжиргааг нь хамгаалж, бэхжүүлэхэд анхаарах шаардлагатай байдаг. Тиймээс малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг хамгаалахад баримтлах олон улсын ямар заавар, стандарт аргачлал байдаг, түүнийг хэрхэн ашиглах талаар ийнхүү ойлголт өгч байгаа юм” гэж Мерси Кор байгууллагын төлөөлөгч Д. Алтантогос хэллээ.

Төслийн хүрээнд Мерси Кор байгууллага  10 аймагт 160 гаруй сургагч багш бэлтгэсэн бөгөөд сургагч багш нар хамтран орон нутагтаа ийнхүү сургалт зохион байгуулж байгаа ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ