Хариуцсан замынхаа өвөлжилтийн бэлтгэлийг базаажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬИх хэмжээний цас орж, халтиргаа гулгаа үүссэн үед Мандалговь-Улаанбаатар, Мандалговь- Даланзадгадын чиглэлийн автозамд ашиглах давсыг нөөцөлж, шаардлагатай машин механизмыг Мандалговьд төвлөрүүлэн “Ялгуусан” ХХК өвөлжилтийн бэлэн байдлыг хангасан байна.
Тус компани өнгөрсөн жилийн хавраас Мандалговь Даланзадгадын чиглэлийн 154 км, Мандалговь Улаанбаатарын чиглэлийн 91 км автозамын засвар арчлалтыг хариуцан ажиллаж эхэлсэн. Энэ жил хариуцсан замынхаа эвдрэлийг нөхөж засварласан бөгөөд өвөлжилтийн бэлтгэлээ ийн базаажээ. Нийт 4 тонн давс нөөцлөхийн тэн хагасыг орон нутагт татан төвлөрүүлсэн. Мөн шаардлагатай тохиолдолд ашиглах ковш, авто гридер, трайллер, өөрөө буулгагч ачааны машин зэрэг техник хэрэгслийг аймгийн төвд байршуулж, 7 тонн орчим шатахууны гэрээг М ойл ХХК- тай хийж бэлдсэн байна.
Халтиргаа гулгаа үүссэн үед ашиглахад зориулсан элсэн овоолгыг ч замын хажуугаар бэлджээ. Замын арчилгаатай холбоотой мэдээллээ аймгийн ЗДТГ- ын Хөгжлийн бодлогын хэлтэс, ЗТХЯ- нд өдөр тутамд өгч байгаа юм байна.
Т. Отгонтуяа