Дорноговь аймаг, Шизүока муж дараагийн 5 жилийн хамтын ажиллагааны гэрээгээ байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-07 15:14:35

Дорноговь аймаг, Японы Шизүока мужтай хамтын ажиллагаа тогтоосны 5 жилийн ойг өнгөрөгч наймдугаар сард Дорноговь аймагт тэмдэглэсэн. Тэгвэл дараагийн таван жилийн хамтын ажиллагааны гэрээг ирэх оны 4 дүгээр сард Японы Шизүока мужид зурахаар талууд тохиролцжээ.

Анх 2010 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Япон Улсад албан ёсны айлчлал хийх үеэр аймаг муж хооронд хамтран ажиллах эхний хэлэлцээр хийгдсэн байдаг бол 2011 оны долдугаар сард Шизүока мужийн төлөөлөгчид Дорноговь аймагт зочилж тодорхой салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж байжээ.

Таван жилийн хугацаанд Дорноговь аймгаас Японд 197 сурагч, 12 багш, Япон улсын Шизүока мужаас тал нутагт 50 сурагч аялсан байдаг.

Мөн Дорноговь аймгийн төр захиргааны салбарын 60 гаруй алба хаагч, дэд бүтэц, эрүүл мэндийн салбарын цөөнгүй мэргэжилтэн Японд туршлага судалж байсан бол арлын орны мэргэжилтнүүд мөн л талын улсын хөгжил, түүх, ёс заншил, аж амьдралын хэв маягтай танилцаж байв.

Ирэх таван жилийн гэрээгээр сурагч солилцооны хөтөлбөр, боловсрол, дэд бүтэц зэрэг өмнө хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэлэлцэж тодорхой түвшинд хамтран ажиллах тухай ярилцаж гэрээ байгуулах аж.

Тухайлбал, жил бүр Дорноговиос арлын оронд аялах 30 хүүхдийн замын зардлыг Японы тал даах, Дорноговь аймагт ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүдийг Японд  нарийн мэргэжил эзэмшүүлэх, Шизүока мужийн гудамж талбайг Дорноговь аймагт байгуулах зэрэг тодорхой хамтын ажиллагааг хэрэгжүүлэх аж.     

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ