Анхан шатны эмчийг сайн мэргэшүүлэхэд дараагийн шатны эмнэлгийн ачаалал буурдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-02-08 17:06:50

Өнөөдөр ЭМЯ-ны Мэдээллийн төвийн Б танхимд “Сургагч багш бэлтгэх, хөтөлбөр боловсруулах” хэлэлцүүлэг сургалт эхэллээ.

Дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй “Мэргэжилтний тасралтгүй хөгжил ” төслийг Сөүлийн Үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль, Рафаел интернэйшнл ТББ, БНСУ-ын Нийгмийн сайн сайхны төлөө сан нь ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв /ЭМХТ/-тэй хамтран хэрэгжүүлж байна. Энэ төсөлд нийслэлийн БЗД, СБД болон Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар хамарч байгаа юм.

Тус хэлэлцүүлэг, сургалтын удирдагч Сөүлийн Үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Сургалт хөгжлийн төвийн дарга, профессор Шин Жуа Собтой уулзаж хэрэгжүүлж буй төслийн талаар сонирхлоо.

-Дөрөв жилдээ үргэлжилж байгаа энэ төслийн талаар танилцуулахгүй юу?

-Эхний нэг жил БЗД, СБД-ийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахаар ажилласан. Гуравдугаар шатлалын буюу I, II, III төв эмнэлэг буюу ЭХЭМТ зэрэг эмнэлгийн эмч нар сургагч багшаар ажиллаж дүүргийн эмч нарт чадавхжуулах сургалт явуулсан. Дараагийн жил нь Дархан-Уул аймгийн нэгдсэн төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд уг сургалтыг зохион байгуулсан. Мөн энэ үеэр БЗД, СБД-д ч сургалт болсон, 2016 онд анхан шатны буюу өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмч нарт сургалт явууллаа. Энэ жил бас өрхийн эмч нарт долоон төрлийн чадавхжуулах сургалт зохион байгуулж байна.

-Энэ сургалтын төрөл, чиглэлийн талаар тодруулж ярина уу?

Ерөнхийдөө гурван үндсэн чиглэлийн сургалт байгаа. Нэгд, эмнэл зүй буюу эмч нар өвчтөнг хэрхэн сайн үздэх, эмчлэх арга зүйд суралцана. Хоёрт нь “Байгууллагын соёл” энэ нь байгууллага дотроо өрхийн эмч нар өөр хоорондоо хэрхэн харилцах, зөв хандлага болон байгууллагын дотоод соёлыг хөгжүүлэх сургалт юм. Гуравт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн чанартай үзүүлэх сургалт байгаа. Энэ нь үйлчлүүлэгчийг эмнэлэгт орж ирэхээс гарах хүртэлх бүх үйлчилгээг соёлтой, зөв дарааллаар чанартай үзүүлэх арга барилыг эзэмших юм. Бид энэ сургалтыг явуулахын өмнө бүх өрхийн эмч нараас тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ, яг ямар сэдвээр сургалт авах талаар судалгаа авч сонголтоо хийсэн. 

-Монголын эмч нарт ямар тулгамдсан асуудал байгааг та олж харав уу?

-Миний олж харснаар хоёр үндсэн асуудал байна. Хүн өвдөхөд хамгийн түрүүнд өрхийн эмчид ханддаг. Харин өрхийн эмч нар нь дөнгөж сургууль төгсөөд ирсэн эсвэл олон жил ажилласан ч сүүлийн жилүүдэд давтан сургалтад хамраагүй,  шинэ үеийн мэдээллээс хоцорсон, шинэ технологи эзэмшиж амжаагүй байгаа юм. Анхан шатны эмч нарыг сайн сургаж, мэргэшүүлээд авбал дараагийн шатны эмнэлгийн ачааллыг бууруулахад  чухал ач холбогдолтой. Хоёрт нь нэлээд хүндээр өвчилсөн хүмүүс 2, 3 дугаар шатлалын эмнэлэгт эмчлүүлж гарч ирээд өрхийн эмчдээ үзүүлэхэд тэд тухайн өвчтөний онош, баримтлах ёстой дэглэм, уух эмийг тайлж уншиж чаддаггүйээс эмчилгээ нь тасардаг. Тэгэхээр дүүрэг, өрхийн эмч нарыг сургаж чадавхжуулах нь эн тэргүүний зорилт болж байна.

-Энэ асуудлыг танайд хэрхэн шийдвэрлэж байна, ижил төстэй асуудал байна уу?

-Манай улсын хувьд эрүүл мэндийн тогтолцоо нь арай өөр л дөө. Ижил төстэй зүйл гэвэл танай ӨЭМТ-тэй адил дүүрэг бүрт эрүүл мэндийн төв байдаг. Гэхдээ иргэд энэ төвөөс бүгдээрээ үйлчилгээ аваад байдаггүй. Учир нь маш олон хувийн эмнэлэг үйл ажиллагаа эрхэлдэг. Хувийн эмнэлгийн эмч нар ур чадвар сайтай, хувийн гэдэг утгаараа хариуцлага нь маш өндөр. ЭМТ нь заавал эмчлэх эрх бүхий эмчийг сонгож ажиллуулдаг. Харин Монголд анагаах ухааны дээд сургууль төгсөөд л шууд эмчлэх эрхтэй болдог. Харин одоо хуулиндаа өөрчлөлт оруулж хоёр жил ажиллаж байж өрхийн эмч буюу эмчлэх эрх авдаг болж байгаа юм билээ.

Профессор Шин Жуа Соб нь эмч нарыг чадавхижуулах 3-4 жилийн ийм сургалтыг Лаос,  Мьянмар улсад удирдан явуулсан. Мөн Өмнөд Номхон далайн 14 орны эмч нарт зориулсан 3 жилийн чадавхжуулах сургалтыг Фижи арал дээр зохион байгуулан ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ