Улсын Гуравдугаар төв эмнэлэг шилдгээр шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-02-21 15:29:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2017” Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж байна.

Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, “2016 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас дэлхийн улс орнууд 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн тунхаглал баталсан. Манай улс ч дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн энэхүү тунхаглалд нэгдэж ирэх 15 жилд хэрэгжүүлэх үндэсний урт хугацааны хөгжлийн бодлого болох “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг баталсан билээ. Үзэл баримтлалыг дунд хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын хөгжлийн ирэх 10 жилийн хугацааны ерөнхий зураглал, төлвийг тусгасан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг Засгийн газрын тогтоолоор батлуулаад байна” гэв.

Түүнчлэн тэрбээр эрүүл мэндийн талаарх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав.

Уг зөвлөгөөнд УИХ, ЗГ-ын төлөөлөгчид болон НҮБ, ДЭМБ, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид болон Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн эрүүл мэндийн салбарын 200 гаруй удирдах ажилтан оролцож байна.

Зөвлөгөөнд оролцогчид эрүүл мэндийн салбарын хүрээнд бодлогоо тодорхойлж, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд чиглэсэн асуудлуудаа хэлэлцэж буй юм. 

Энэ үеэр эрүүл мэндийн байгууллагуудыг 2016 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр байр эзлүүлсэн юм. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдээс нэгдүгээр байрыг Улсын гуравдугаар төв эмнэлэг 94.5 хувиар, хоёрдугаар байрыг ЭХЭМҮТ 92.8 хувиар, гуравдугаар байрыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв 92.5 хувиар тус тус эзэллээ.

Харин Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудын нэгдсэн дүнгээр Дорноговь аймаг 88.3 хувиар нэгдүгээр байр, Булган аймаг 88.1 хувиар хоёрдугаар байр, Говь-Алтай аймаг 87.7 хувиар гуравдугаар байрыг тус тус эзлэв.

Тус зөвлөгөөн маргааш өндөрлөнө.

Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ