300 гаруй хурдан хүлэг тоосоо өргөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн МСУХ-ноос зохиосон хаврын морин уралдаан Баянтүмэн суманд болж, азарга, соёолон, их нас, эрлийз дээд насны 300 гаруй хурдан хүлэг тоосоо өргөв.
Наяад тооны соёолон, 30 гаруй эрлийз дээд насны морьдын уралдаанд Дорнодын хүлгүүд айргийн тавд хурдалжээ. Харин Их насанд Хэрлэн сумын уяач А.Хүрэлбаатарын хар морь түрүү магнай, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач Ц.Цогтсэргэлэнгийн хээр аман хүзүүдэж, Халхгол сумын уяач Б.Батсүхийн буурал, Хэнтийн Батширээт сумын уяач Ц.Энхтүвшингийн шарга, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач Б.Сүхбатын хүрэн морь айргийн тавд давхисан байна. 92 азарганаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат, аймгийн алдарт уяач Т.Галбадрахын зээрд түрүүлж, Халхгол сумын харьяат, аймгийн алдарт уяач З.Хилийнхүүгийн Загалт хул аман хүзүүнд, Хөлөнбуйр сумын уяач Г.Будхангайн хээр айргийн гуравт, Хэрлэн сумын уяач Д.Бат-Эрдэнийн хар саарал айргийн дөрөвт, Хөлөнбуйр сумын уяач У.Эрдэнэбаярын хар айргийн тавд гээд азарганы уралдаанд Дорнодын хурдан хүлгүүд өнгөтэй байлаа.
Энэ өдөр хүүхэд, хурдан хүлэг осолдож эндээгүй, сайхан наадам болсон гэж Дорнод аймгийн МСУХ-ноос мэдээлэв.
Б.Туяа