“Этгээд, бүдүүлэг үг хэллэгээс татгалзъя” аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-04-03 13:00:46

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын заах аргын нэгдлээс “Этгээд, бүдүүлэг үг хэллэгээс татгалзъя” сарын аяныг өрнүүлжээ.

Учир нь өдөр тутмын ажил, амьдралдаа бүдүүлэг, доромжлолын үг хэллэгийг энгийн үг хэллэг мэт хэрэглэдэг хүмүүс олон болсон байна. Ялангуяа томчуудаас үлгэрлэж сургуулийн сурагчид дунд этгээд үг хэллэгийг амны уншлага мэт хэлдэг хүүхдүүд олширчээ. Иймээс энэхүү аянаар дамжуулан этгээд үг хэллэг нь нийгмийн харилцаанд хор уршиг учруулаад зогсохгүй, хүнийг бүдүүлэг, соёлгүй харагдуулдаг гэдгийг сурагчдад ойлгуулах, цаашид бүдүүлэг доромж үг хэлэхгүй байх талаар эерэг хандлага төлөвшүүлж буйгаараа өндөр ач холбогдолтой байна. Энэ хүрээнд У.Дүншиг багштай Цогцолбор 1-р сургуулийн 11г ангийн хамт олон “Муу үгийг хогийн саванд, сайн үгийг сэтгэлийн саванд хийцгээе” гэсэн уриалгын дор илтгэлийн уралдаан, эссэ бичлэгийн уралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулж, ханын сонин гаргасан байна. Мөн “Үг үзүүргүй ч Үхтэл хатгана” гэдэг шиг бодлогогүй хэлсэн нэг л муу үг тухайн хүний сэтгэлд хэр хүндээр тусдаг, цаашлаад муу бүхнийг дагуулдаг, иймд үе тэнгийн найзуудаа этгээд бүдүүлэг үг хэллэгийг хэлэхгүй байхыг уриалсан байна.  

“Этгээд, бүдүүлэг үг хэллэгээс татгалзъя” сарын аяны хүрээнд сурагдчын харилцаа болоод төлөвшилд эерэг өөрчлөлт ажиглагдсаныг анги удирдсан багш нар хэлж байна. Бүдүүлэг үг хэллэг нь нийгмийн харилцаанд муугаар нөлөөлөөд зогсохгүй монгол хэлний яруу сайхныг алдагдуулан монгол хэлийг мөхөлд хүргэх аюулыг дагуулдаг аж. Иймд этгээд, бүдүүлэг үг хэллэгээс татгалзахыг Цогцолбор 1-р сургуулийн хамт олон олон нийтэд уриалж байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ