Монголд шоу бизнесийг хөгжүүлэх замаар аялал жуулчлал хөгжинө гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-04-06 15:31:14

 Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Монголын Үндэсний Маркетингийн Холбоо”, “Баяр Агентлаг” ХХК, “Монгол Контент” ХХК-тай хамтран “Дүрийн бизнесийн хамтын ажиллагаа” сэдвийн дор өнөөдөр “Контент Саммит-2017” арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа.

Хоёр дахь удаагаа болж буй тус арга хэмжээний үеэр дэлхий дахинд Монгол Улс ямар имидж, дүр төрхтэйгээр танигдах вэ, үүний тулд Монголын контент бүтээгчид төр, бизнесийн байгууллагуудтай хэрхэн уялдаа холбоотой нэгдсэн зохион байгуулалттай хамтран ажиллаж, эдийн засгаа хүчирхэгжүүлэх вэ гэсэн асуудлыг хэлэлцэв.

Энэ үеэр оролцогчид “Монгол хүүхэд юу үзэж байна вэ?”, “Дүрийн бизнесийн хамтын ажиллагаа”, “Дүрийн бизнесийн хөгжлийн шийдэл”, “Ази тивийн энтертайнмэнт бизнесийн ирээдүй”, “Соёлын дүр ба бизнес хамтын ажиллагаа”, “Чингис хааны хүүхдүүд” кино, “Дүрийн бизнес ба монголчуудын ялгарал” зэрэг илтгэл тавьсан юм.

Мөн дэлхийн шоу бизнесийн томоохон төлөөлөл Японы “Шова Холдинг” группын Гүйцэтгэх захирал Коношита Тацуяа урилгаар оролцож “Азийн контентын зах зээл”-ийн талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монгол гэдгийг илэрхийлэх, орон орны хүмүүст таалагдах дүр бүтээхээр “Монгол Контент" ХХК “Маамуу”, “Ногун”, “Yolo” зэрэг дүрийг зах зээлд нэвтрүүлж комик ном, вебсайтаар таниулж байгаа бол тун удахгүй “Маамуу” цуврал хүүхэлдэйн киног хүүхэд багачуудад хүргэх юм. Мөн 2014 оны “Олон улсын Манга Авардс”-аас шилдэг комикоор шалгарсан “Бумбардай” зэрэг дүрийг хэрхэн хөгжүүлж, таниулах, өөр ямар дүр гаргаж ирэх талаар уран бүтээлчид өрсөлдөж байна.

Зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээний ач холбогдлыг шоу бизнесийг хөгжүүлэх замаар аялал жуулчлалд онцгой хувь нэмэр оруулна. Дүрийн бизнест төр, хувийн хэвшил, контент үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг бий болгох, оролцогчид хамтран ажиллах түншээ олох, дүрийн бизнесийн чиг хандлагад хөл нийлүүлж, хамтран үр дүнтэй, үр ашигтай байх боломж бүрдэхээс гадна дүрийн бизнес, контентууд хөгжиж, олон улсад гарч арилжаалагдсанаар Монгол Улсаа сурталчилж аялал жуулчлал хөгжинө. Мөн Монголын контент бүтээгчдийг олон улсад продюсинг хийж гаргах эхлэл тавигдана гэдгийг хэлж байна.

Ж.Болор

Гэрл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ