“Ган үзэг-2017”-д МОНЦАМЭ-гийн шатарчид амжилттай оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-10 14:37:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн нэрэмжит шатрын “Ган үзэг-2017” тэмцээн энэ сарын 7,8-нд болж шилдгүүдээ тодруулахад МОНЦАМЭ агентлагаас оролцсон С.Мөнхтулга шагналт тавдугаар байрт шалгарлаа.

Мөн тус агентлагаас өрсөлдсөн О.Барс наймдугаар, Б.Адьяахүү 16 дугаар байрыг тус тус эзэлсэн байна.

Тус тэмцээний уриа нь “Үнэний төлөө” бөгөөд шатрын спортын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, оролцогчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулжээ. Энэ удаагийн тэмцээнд хэвлэл мэдээллийн салбарын 20 гаруй шилдэг шатарчид оролцсон юм.

МСНЭ, Монгол туургатны шатрын холбоотой хамтран зохион байгуулсан тус тэмцээнд МСНЭ-ийн гишүүн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас эрэгтэй, эмэгтэй шатарчид талдаа 30 минутын цагийн хяналттай Швейцарь системээр, долоон өрөг тоглосон байна. Энэ удаагийн тэмцээнд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны /МССХ/-ны гишүүн Б.Нямдаваа тэргүүллээ.

Энэ үеэр Д.Нацагдоржийн шагналт зохиолч Б.Нямаагийн гэр бүлийн алдрыг мөнхжүүлсэн хүндэтгэлийн гэр музейг Монгол Туургатны шатрын холбооны байранд нээх ёслол болов. Нэрт зохиолч Б.Нямаа агсаны хүүхдүүд ач, зээ нарыг манай үе үеийн шатарчид төдийгүй монголчууд андахгүй мэддэг бөгөөд энэ гэр бүлээс ОУИМ, ОУШХМ, мастер зэрэг 20 орчим шилдэг шатарчид төрөн гараад байгаа юм.  

Д.Өлзий

Холбоотой мэдээ