Хачгаар дамжих халдварын 41 тохиолдол бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-05-08 12:06:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн эрүүл мэндийн газраас хачигт халдвар гэж юу болох, өвчний нянгаар халдварлах эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, яаралтай үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэж байна.

Жил бүрийн 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Хачигт хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Хүний бие махбодид хачгаар дамжин үүсэж байгаа байгалийн голомтот зоонозын өвчнийг хачигт халдвар гэж нэрлэдэг бөгөөд он гарсаар хачгаар дамжих халдварын 41 тохиолдол бүртгэгджээ.

Манай улсад 2005 оноос хойш хачигт халдварыг бүртгэж эхэлснээс 2005-2015 онд нийт 1774 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 956 нь эмнэлзүй, лабораторийн шинжилгээ, тархвар судлалаар оношлогджээ. Өөрөөр хэлбэл, хачигт халдварын сэжигтэй тохиолдол өмнөх жилүүдээс олширсон байна. Нийслэл орчмын уулт хээрийн бүсэд хачигны тоо толгой харьцангуй өндөр байдгийг 2015 онд хийсэн хачигт халдварын тандалт судалгааны үр дүнд илрүүлсэн ажээ.

Дулааны улирал эхэлж агаар салхинд гарах, ууланд алхах иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул хачгийн идэвхитэй үе эхэлсэн энэ үед хачигт халдвараас хамгаалахыг сануулж байна. Монгол Улсын 21 аймаг есөн дүүрэг, бүх сумдад халдварын голомттой учраас ойн болон бэлчээр малын хачиг хамгийн элбэг байдаг. Монголд 43 зүйлийн хачигт халдвар байдгаас өнөөдрийн байдлаар, манай улсад хачигнаас үүдэлтэй гурван төрлийн халдварт өвчин оношлогдож, тогтоогдоод байна.
 
Хачигт хазуулсан тохиолдолд хачгийг болгоомжтой ганхуулж, сугалан авч, битүү саванд хийгээд шинжилгээнд хамруулах зорилгоор мэргэжлийн байгууллагад хандах, хачигны тос түрхэх, хачиг хазсан хэсгийн газрыг спирт эсвэл марганцын сул уусмалаар угаах, хүйтэн жин тавих, эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй хэмээн зөвлөлөө.
 
Ж.Болор
Холбоотой мэдээ