Ц.Дашцэрэн: Энэ удаагийн сонгуульд аймгийн хэмжээнд 54604 хүн санал өгөхөөр бүртгэгдсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-17 23:11:35

Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны дарга Ц.Дашцэрэнгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн явц ямар байгаа талаар тодрууллаа.

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн явц ямар байна вэ. Аймгийн сонгуулийн хороо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгууль амжилттай явагдаж байна. Сумдын болон аймгийн сонгуулийн хороодод нийтдээ 113 хүн ажиллаж байна. Сумдын сонгуулийн хороо 5-7 хүний бүрэлдэхүүнтэй. Аймагт есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Аймгийн хэмжээгээр 105 санал авах байр үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагаа жигдэрсэн. Нийт санал авах байранд 683 зохион байгуулагч ажиллаж байна. Нийт дүнгээр энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг Баянхонгор аймагт гардан зохион байгуулах ажилд 796 хүн ажиллаж байгаа.
-Нэрсийн жагсаалтад аймгийн хэмжээнд хэчнээн сонгогч бүртгэгдсэн бэ?

-Сонгогчийн нэрсийн жагсаалтыг Улсын бүтгэлийн газраас холбогдох хуулийн дагуу хугацаанд нь авч санал авах байранд хүргүүлсэн. Нийтдээ 54604 хүн энэ удаагийн сонгуульд санал өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна.

-УИХ-ын сонгуулиар санал өгсөн сонгогчийн тоо энэ удаагийн сонгуульд санал өгөх сонгогчийн тоо хоорондоо зөрүүтэй байна уу?

-Нэг их зөрүү гараагүй. Сонгуульд зориулсан шилжилт хөдөлгөөн байхгүй. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь сонгогчийн шилжилт хөдөлгөөн сонгуулийн үр дүнд төдийлөн нөлөөлөхгүй л дээ.

-Сонгуулийн явцад ямар нэгэн зөрчил, дутагдал гарсан уу?

-Сонгуулийн ажлыг зохион байгуулахад ямар нэгэн зөрчил гараагүй, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. График, хуваарийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийг зохион байгуулах ажилтай холбогдох дүрэм журамд туссан зүйл заалтын дагуу ажил явж байна.

Намуудын нэр дэвшигчид манай аймагт нэр дэвшигчийнхээ уулзалтыг хийсэн. Энд ямар нэгэн гомдол ирсэн зүйл байхгүй. Харин Бөмбөгөр суманд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны гэрийг дайрсан асуудал гарсан. Үүнийг Цагдаагийн газар шалгаж байна. 

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ