Р.Тиллерсон: Ямар ч тохиолдолд Умард Солонгосыг цөмийн зэвсэгтэй болгохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2017-07-05 10:10:13

ЛОНДОН./BBC/. Өчигдөр Умард Солонгосын тал тив алгасах баллистик пуужин хөөргөн туршсан гэж АНУ үзэж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгдэхдээ “энэ бол Умард Солонгосын аюул занал газар авч байгаагийн шинж, Вашингтон ямар ч тохиолдолд Умард Солонгосыг цөмийн зэвсэгтэй болгохгүй” гэлээ.

Пхеньяны эрх баригчид үүний өмнөхөн “манай улс түүхэндээ анх удаа тив алгасах баллистик пуужинг амжилттай туршлаа” гэж мэдэгдсэн юм.  

Вашингтоны үзэж байгаагаар, Умард Солонгос Аляск муж улсад пуужингийн цохилт өгөх боломжтой болсон байна. Гэвч шинжээчид үүнийг үгүйсгэж, уг пуужин байндаа хүрч чадах эсэхэд эргэлзэж байгаа юм.

Пхеньян пуужин хөөргөн туршсанаас хойш хэдхэн цагийн дараа АНУ-ын эрх баригчид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааныг зарлан хуралдуулахыг шаардсан байна. Тус зөвлөлийн гишүүн 15 улсын төлөөлөгчид өнөөдөр хаалттай уулзалт хийхээр болжээ.   

Сануулан дурдахад, Өчигдөр Умард Солонгосын тал "Хвасон-14" гэдэг тив алгасах баллистик пуужинг Улаанбаатарын цагаар өглөөний 08:40 цагт тус улсын Пёнан-Пукто муж дахь туршилтын талбайгаас хөөргөсөн билээ. Уг пуужин 37 минутын хугацаанд 930 км зайг туулаад Япон тэнгист унажээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Д.Трамп твиттер хуудсандаа “энэ залууд өөр хийх ажил алга гэж үү?” хэмээн жиргэсэн байна. Энэ залуу гэдэг нь Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг хэлсэн бололтой. “Япон, Өмнөд Солонгос хоёр үүнтэй эвлэрээд сууна гэж итгэхгүй байна. Хятад улс дорвитой алхам хийж, ийм утга учиргүй зүйлийг бүрмөсөн дуусгах байлгүй” гэж Д.Трамп твиттер хуудсандаа бичсэн байна.
 
Б.Адъяахүү   
Холбоотой мэдээ