Орос дахь АНУ-ын дипломат ажилтнуудын тоог 755-аар цөөрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-07-31 08:38:57
МОСКВА. /TASS/. Орос дахь АНУ-ын дипломат ажилтнуудын тоог 755-аар цөөрүүлнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.
 
Ерөнхийлөгч В.Путин өчигдөр “Vesti.ru” телевизийн сувагт ярилцлага өгөх үеэрээ “АНУ-ын дипломат ажилтнуудын тоог 755-аар цөөрүүлснээр тэдний тоо АНУ-д ажиллаж буй Оросын дипломат ажилтнуудын тоотой тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, хоёр улсын дипломат ажилтнуудын тоо адил 455 болно” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр АНУ-ын Конгресс Иран, Умард Солонгос болон Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг баталсан юм. Д.Трамп уг хуульд удахгүй гарын үсэг зурах төлөвтэй байна.

Хэрвээ хориг арга хэмжээ авах тухай хуулийн төсөлд Д.Трамп гарын үсэг зурвал Оросын олон салбарт, ялангуяа эрчим хүчний салбарт хүнд цохилт болж магадгүй.  АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгууль болон Украины дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон гэх үндэслэлээр Вашингтоны эрх баригчид Оросын эсрэг хориг арга хэмжээ авч байгаа аж.
Г.Доржханд


Холбоотой мэдээ