Байгальдаа ээлтэй - Эх орны зүүн хязгаар нутгийнхан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-11-05 14:04:24

Улз голын сав газраар орших Хэнтий, Дорнод аймгийн сумдаар “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн төвийн мэргэжилтнүүд болон орон нутгийн зохицуулагчдын баг харилцан туршлага солилцох, ажлаа танилцуулах ажил хэрэгч аяллын Дорнод аймгийн Чулуунхороот /Эрээнцав/, Гурванзагал сумаас хийсэн сурвалжлагыг толилуулж байна.

Эрээнцав гэхээр Монголын их яруу найрагчдын нэгд зүй ёсоор байр сууриа эзэлдэг Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн уран бүтээлийн онгод гийсэн нутаг гэдгээр нь монголчууд сайн мэддэг.

Чулуунхороот суманд тус төслийн хүрээнд Францын Ландерс үүлдрийн 10 торой авчирч гахайн аж ахуй байгуулсан нь одоо 150 гаруй толгой болж үржжээ.

Мөн “Царгас хөрсний эмч” төслийн хүрээнд үхэр мал, гахай тэжээх царгасыг 100 га-д тариалсан бол мах, сүүний чиглэлийн үүлдрийн бух авчирч нутгийн үхрийн ашиг шимээ сайжруулахаар ажиллаж байна.

Хүлэмжийн аж ахуй эрхэлж хүнсний нарийн ногоо, гүзээлзгэнэ тарьж ашиг шимийг нь хүртэж байгаа 8 өрхийн 15 гишүүнтэй “Бага шар бүрд” загвар хоршооныхон нутаг орондоо байгальдаа ээлтэй амьдрах үлгэр дууриаллыг үзүүлж байгаа юм. Тэд мод үржүүлгийн талбайд 2000 орчим гоёлын болон жимсний модны суулгац ургуулж байгаа бөгөөд төслөөс сумын хэмжээнд нийтдээ 3000 гаруй суулгац тарьж ургуулж байна. Чулуунхороот сумын төслийн зохицуулагч С.Батсайхан “Бид нутгийн иргэдийн оролцоотой Галуут багийн Дэлгэр булгийг 2014 онд хашиж, талхлагдахаас хамгаалсан нь олон өрх айлын хүн, малын ундны усны асуудлыг зохистой шийдвэрлэсэн. Ойрын үед Чулуунхороот сумын Бүсийн булгийг хашиж хамгаалах бэлтгэл ажлаа хангаад байгаа” хэмээн ярьж байв.

Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ-ын дарга Ц.Ганболдтой уулзаж нутгийн аж амьдрал, ажил үйлсийн талаар сонирхсон юм.

Тэрбээр “Манай Чулуунхороот сум Монгол Улсын зүүн хойд хязгаарт оршдог. Монгол Улсдаа хоёрхон байдаг гурван улсын хилийн уулзвар болох ОХУ, БНХАУ болон Монгол Улсынхаа хил дээр оршдог сум нутаг гэдгээрээ онцлогтой. Нэг нь Монгол Улсын баруун хязгаарт орших Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум /Алтай таван Богд/ байдаг. Манай сумын нутаг дэвсгэрийн хэмжээ 560 мянган км квадрат, Засаг захиргааны гурван багтай, 1900 гаруй хүн амтай 560-аад өрхтэй. Сумын онцлог гэвэл Чойбалсан хотоос ОХУ-тай төмөр замаар холбогдсон. Хил, гааль, хорио цээр, шалган нэвтрүүлэх гэсэн цэгүүдэд Монгол Улсын хилийн А зэрэглэлийн боомтын үйл ажиллагаа явуулдаг. Манай суманд төсвийн 5 байгууллага, 8 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Гадаад харилцааны хувьд ОХУ-ын Чита болон Агь, Онон, Борзын районуудтай харилцаатай.

Мөн манай сумаас 400-500 метрийн зайтай орших Соловьевск тосгоны нөхдүүдтэй байнгын харилцаатай. Ялангуяа гамшиг, ослын чиглэлээр мэдээ, мэдээлэл улирал тутамд солилцдог. Тухайлбал, хавар, намрын улиралд хаанаа түймэртэй байна, малын өвчин байна, байхгүйгээ ярилцдаг. Харин БНХАУ-ын хувьд гэвэл анх удаа өнгөрсөн 10 дугаар сарын эхээр ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Богд-Уул сумтай харилцаа тогтоосон. Тус сумын төлөөлөгчид удахгүй манай суманд зочилж ирнэ. Энэ үеэр хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцоно. Чулуунхороот сумын хувьд цахилгааны асуудал байдаг. ОХУ-аас цахилгаан авдаг, үнэ нь 100 төгрөг байж байгаад энэ есдүгээр сарын нэгнээс 130 гаруй төгрөг болж нэмээд байгаа. Иргэдэд энэ нь үнэтэй байгаа учраас дотоодоосоо хямд үнээр цахилгаантай болох зорилт байгаа. Дорнод аймгийн Дулааны станцаас зардлыг нь даагаад өөр хоёр компанитай хамтраад эндээс /Мардай/160-аад км-ээс цахилгааны шугам татаад эхэлсэн. Энэ ондоо багтаад уг ажлыг дуусгахаар ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд хүн амын амьжиргаа нэлээд сайжирч байна. Тухайлбал, НҮБХХ-ийн “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн хүрээнд хүнсний ногоо, хүлэмжийн болон гар урлалын зэрэг жижиг аж ахуй эрхэлж шинээр ажлын байрууд бий болж байгаа. Мөн малжуулах төслийн хүрээнд 1000 гаруй малыг 2 жилийн хугацаатай нэг өрхөд 30-40 мал өгч, мал аж ахуй эрхлүүлж малжуулах төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Манай сумын 60 жилийн ой ирэх жил болно. Энэ түүхт ойгоо угтаж бид олон бодитой ажил зохион байгуулж ажиллаж байна” хэмээн ярьсан юм.

Тус сумын ажил, амьдралтай танилцаад манай аяллын багийнхан Ардын баатар Манлай ван Дамдинсүрэнгийн нутаг Дорнод аймгийн Гурванзагал сумыг зорьсон юм.
Дашрамд сонирхуулахад, Тус сум нь Манлай ван Жамсрангийн Дамдинсүрэнгийн мэдэлд 1911 онд Богд хаан болон Монголын Засгийн газраас Сэцэн хан аймгийн Сансрайдоржийн хошууны 5 харуулын нутгийг олгож нүүж ирсэн барга ардуудыг захируулан үе улиран залгамжлах засаг ноёны тамгыг олгож түүний захирсан сумыг хошуу болгосноос эхлэн эх сууриа тавьсан түүхтэй барга ястны нутаг юм.

Гурванзагал сумын Рашаант багийн зүүн хойд хэсгээр зун, намартаа нутагладаг хүн, малыг ундаалж ирсэн “Гуравны нуур” сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт болон хүн, малын хөлд талхлагдан дагтаршиж, ширгээд байв. Харин 2014 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн уг төслийн хүрээнд нутгийн иргэдийн оролцоотой “Гуравны нуур”-ыг усаар тэтгэж байдаг гурван булгийн Эхэн буюу Дунд булгийг хамгаалж хашаа барьж босгосноор “Гуравны нуур” дахин амилж, усны түвшин дээшилж энд урьдын адил нүүдлийн шувууд түр саатан амарч буудалладаг болсныг бид очиж үзсэн юм. Өмнө нь эдгээр булгийг тойруулж төмөр хашаа, хайс хийж хамгаалсан ч барих арга технологи нь буруу байснаас удалгүй л нурчихдаг бол энэ удаа булгийн эхийг хамгаалах хашааг нэлээд алсуур тойруулан барьж, хашааны тулгуур шонг нь гурван хөл /чулуу болон бетон/-тэй болгожээ. Нутгийн иргэд энэ арга маш үр дүнтэй болсныг онцолж байв.

“Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн Гурванзагал сумын зохицуулагч Д.Эрдэнэням, “Манай сумын Д.Оюун ахлагчтай “Зүүн дэнжийн ургац” бүлгийн хамт олон нутгийн иргэдийн дэмжлэгтэй 5 га газарт мод үржүүлгийн талбайг гүний худагтай байгуулж гоёлын болон жимсний модны суулгац тарьсан. Мөн хүлэмжийн аж ахуй эрхэлж нарийн ногоо болон гүзээлзгэнэ тарьж өрхийн амьжиргаандаа ашиглахын зэрэгцээ нутгийн иргэдэд арга технологийг нь зааж сургаж байгаа. Сумандаа байгаа хаягдал болсон нүүрсний нунтаг, малын өтөг бууцыг ашиглан шахмал түлшний цех байгуулахаар тоног төхөөрөмжөө суурилуулаад байгаа. Цехийн цахилгааны асуудлаа шийдвэрлээд үйлдвэрлэлээ явуулна” хэмээн ярьж байв.

“Манай сумын нэг онцлог бол зэргэлдээх сумууд шиг уул уурхай, ашигт малтмалын компани байхгүй. Бидний хувьд алга дарам газраа ч ухаж сэндийлүүлэхгүй байхыг эрмэлздэг. Байгаль  орчиндоо халгүй үйл ажиллагааг бид дэмжиж ажиллана. НҮБХХ-ийн Дасан зохицох төслийг манай нутгийнхан маш сайхан хүлээн авч, ажил амьдралдаа хэрэгжүүлж ашиг орлогоо нэмэгдүүлж байгаад таатай байна” хэмээн Гурванзагал сумын Засаг даргын орлогч Д.Эрдэнэбаатар онцолж байсан юм.

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ