Селена Гомезод хамгийн сайн найз нь бөөрөө өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-09-15 11:24:50
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Энэ зун бөөр шилжүүлэн суулгуулах хагалгаанд орсноо Америкийн дуучин, жүжигчин Селена Гомез нийтэд дэлгэлээ.
 
“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, ийм хагалгаанд орсноо С.Гомез өчигдөр “Твиттер” хуудсаараа дамжуулан зарласан байна.

Өдгөө 25 настай түүнд хамгийн сайн найз Франсиа Райз нь бөөрөө өгсөн гэнэ. "Лупус" буюу “чонон хөрөвдөс” хэмээх бөөрний дутагдалд ороход хүргэдэг өвчний улмаас тэрбээр бөөр солиулахаас өөр аргагүйд хүрсэн аж.
 
Тэрбээр “Би яагаад уран бүтээлээсээ хөндийрөөд байгаагаа шүтэн бишрэгчдэдээ тайлбарлахыг хүсэж байна. Би энэ зун “чонон хөрөвдөс” хэмээх өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгуулах мэс засалд орсон учир биеэ тэнхрүүлэхийн тулд сайн амрах хэрэгтэй байлаа. Миний бие сайжирч байна” гэж бичжээ.

Мөн тэрбээр донор болсон найз, “Америкийн өсвөр насныхны нууц амьдрал” хэмээх телевизийн цуврал кинонд тоглосон Франсиа Райзад талархал илэрхийлээд “Үзэсгэлэнт найздаа ямар их баярласнаа би үгээр илэрхийлж чадахгүй нь ээ. Тэр минь надад бөөрөө өгч, амьдрал бэлэглэлээ” гэж бичсэн байна.

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ