Мэргэн буудагчид Кувейтээс медалийн хур буулгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-09 11:15:34

Ази тивийн буудлага спортын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн Кувейт улсад болж байгаа бөгөөд манай мэргэн буудагчид медалийн хур буулгав.

Энэ удаагийн тэмцээнд 32 улсын 1500 тамирчин оролцож байгаагаас Монголын баг залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож багаараа 2 хүрэл медаль хүртсэн бол өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин медалийн тоогоо нэмлээ. Тухайлбал, Монголын багийн урт бууны охидын баг Азийн залуучуудын АШТ-ий мөнгөн медаль хүртсэн бол гар бууны охидын баг Азийн залуучуудын АШТ-ий мөнгөн медалийн эзэд болжээ. Тус төрөлд СМ Н.Шинэмөрөн Азийн залуучуудын АШТ-ий хошой мөнгөн медальтнаар тодорлоо.

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа энэ удаа өөрийн үндсэн дасгалдаа мөнгөн медалийн эзэн болов. Харин ням гарагт нэг мөнгө, 2 хүрэл медаль авлаа. Энэ өдөр болсон гурван дасгалд манай есөн тамирчин буудсанаас 25 метрийн стандарт гар бууны залуучуудын дасгалд багийн дүнгээр Монгол 1630 оноо /СМ Г.Буянбаатар, СМ Ш.Буянзаяа, СДМ Б.Ган-Очир / хүрэл медалийн болзол хангасан бол 1669 оноогоор Энэтхэгийн баг тэргүүлж 1655 оноогоор БНСУ-ын баг мөнгөн медаль хүртжээ. Харин 25 метрийн стандарт гар бууны эрэгтэй дасгалд 37 тамирчин оролцсоноос 581 оноо БНСУ-ын тамирчин Жан Де Куй тэргүүлж, 572 оноогоор Энэтхэгийн Махандра Сингх мөнгө, 571 оноогоор СМ О.Төгөлдөр хүрэл медаль тус тус хүртжээ.

Эмэгтэйчүүдийн 50 метрт гурван байдлаас 60 сум буудах дасгалд /34 тамирчин өрсөлдсөнөөс тэргүүн байрт БНХАУ-ын тамирчин Чен Донкү /461.0 оноо/, дэд байрт ОУХМ Ч.Нарантуяа /457,7 оноо/, гуравдугаар байрт БНСУ-ын тамирчин Сео Ёюнг /446,7 оноо/ тус тус шалгарсан байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ