Баян-Өлгийн залуучуудыг Их Британид мэргэжил дээшлүүлэх санал тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-03 07:46:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Гылымхан Баян-Өлгийн залуучуудыг Их Британи улсын Chevening тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж мэргэжил дээшлүүлэх хүсэлтийг ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Катрин Арнолдод тавьжээ. Тэрээр тус аймагт дээрх тэтгэлгийн шаардлагыг хангаж буй залуус олон байгааг онцлон хэлсэн байна.

Их Британийн Элчин сайд Катрин Арнольд нь «Бүргэдийн баяр-2017» арга хэмжээнд оролцохоор тус аймагт хүрэлцэн иржээ. Энэ үеэр хүндэт зочныг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзсан байна. Жил бүр Монгол Улсаас 15 мэргэжилтэн Их Британи Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр мэргэжил дээшлүүлдэг ба ихэнхдээ  нийслэл Улаанбаатар хотын иргэд элсдэг ажээ.

Түүнчлэн талууд эдийн засаг, боловсрол соёл, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, дэд бүтэц болон эрчим хүчний салбартай холбоотой сэдвүүдээр санал солилцжээ.

Элчин сайд Катрин Арнолд аймгийн Засаг даргын саналыг дэмжиж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ