МУИС-ийг үндэслэн байгуулагч Х.Чойбалсангийн алдар гавьяаг мартаж болохгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-10-04 11:38:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын ууган их сургууль МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Ойн хүрээнд МУИС-ийг үүсгэн байгуулагч, Монголын төр нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж,  хүндэтгэл үзүүллээ.
Ёслолын ажиллагааг нээж тус сургуулийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлэхдээ, “Өнөөдрөөс 75 жилийн өмнө буюу 1942 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Монголын боловсрол шинжлэх ухааны түүхэнд мартагдашгүй өдөр тохиож МУИС-ийн нээлтийн ёслолд маршал Х.Чойбалсан үг хэлж, "Дэлхийн II дайны хүнд нөхцөлд ЗХУ-ын тусламжтай Монгол Улсад анхны Их сургууль нээж байгаа явдлын түүхэн ач холбогдлыг онцлоод дээд боловсрол эзэмшихийн тулд оюутан та бүхний хичээл зүтгэл, шантрашгүй хөдөлмөр чухал болохыг зөвлөсөн байдаг. 1939-1952 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Маршал Х.Чойбалсангийн цаг үе бол Монгол улсын түүхийн хувьд нэлээд амаргүй цаг үе байсан нь ойлгомжтой. Тэрбээр үндэсний тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхийн тулд олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь өнөөдөр сайнаар ч, саараар ч дурсагддаг. Гэхдээ эцсийн бүлэгт түүний хамгийн дээд зарчим бол  Монгол Улсын тусгаар тогтнол байсан гэдгийг өнөө үеийнхэн сайн ойлгох хэрэгтэй.
Тиймээс цадиг түүхийн хуудаснаа баларшгүй мөрөө үлдээсэн МУИС-ийг үндэслэн байгуулагч, маршал Х.Чойбалсангийн алдар гавьяа сууг үеийн үед мартаж болохгүй гэдгийг онцлон тэмдэглэж байна” гэв.
Цэцэг өргөх ёслолд МУИС-ийн удирдлагууд, ахмад багш нар, төгсөгчид, оюутны төлөөлөл хүрэлцэн ирсэн байв. Мөн энэ өдөр МУИС-ийг санаачлан байгуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн, Монгол Улсын баатар, Маршал Ю.Цэдэнбал, Монголын төрийн зүтгэлтэн, БНМАУ-ын Ерөнхий сайд, төрийн тэргүүний алба хашиж байсан эрдэмтэн, профессор Ж.Батмөнх нарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.
Дашрамд дуулгахад МУИС-ийн хичээлийн Нэгдүгээр байрны өмнөх Маршал Х.Чойбалсангийн хөшөөг уран барималч Л.Махвалын эх загвараар 1946 онд бүтээжээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ