Сүүлийн 3 жилийн байдлаар Монголын 524 иргэн БНХАУ-д гэмт хэрэгт холбогджээ

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-10-27 17:40:55
Бээжин /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд манай иргэд БНХАУ-д гэмт хэрэгт холбогдох явдал тогтмол өссөөр байна. Тодруулбал сүүлийн 3 жилийн байдлаар Монголын 524 иргэн БНХАУ-д гэмт хэрэгт холбогдсон хэмээн тус улс дахь Монголын ЭСЯ-ны консулын газарт бүртгэгджээ.
Эдгээрээс дийлэнх хувийг хулгайн хэрэг эзэлж байгаа бол хүн амины хэрэг, хилээр хязгаарлаж хориглосон бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хар тамхи хэрэглэх, тээвэрлэх, хууль бусаар оршин суух, биеэ үнэлэх, хууль бусаар хил нэвтрэхийг завдах зэрэг хэрэг  гарсаар байгаа юм. Мөн тухайн газар нутгийн онцлогоос хамаарч гэмт хэргийн эзлэх хувь харилцан адилгүй байдаг аж. Жишээлбэл, Бээжин, Хонг Конг, Шанхай, Шэнжэнь зэрэг хүн ам төвлөрсөн хөгжил сайтай хотод хулгайн хэрэг дийлэнх хувийг эзэлдэг бол хил дагуу байрладаг Эрээн, Хөх хот зэрэг консулын тойргуудад хамаарах газар нутгуудад хилээр хориглосон бараа нэвтрүүлсэн, хар тамхитай холбоотой хэрэг голчлон гардаг. 2016 оны байдлаар БНХАУ-д ял эдэлж буй Монголын 72 иргэн байгаагаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конг, Макаод ял эдэлж буй 24 иргэн байдаг бөгөөд тэд ихэвчлэн хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогджээ. 
Түүнчлэн манай иргэд визний хугацаа хэтрүүлэх, өөрийн паспорт бичиг баримтыг анхаарал болгоомжгүйгээс  хаяж гээх, барьцаанд тавих зэрэг хайхрамжгүй үйлдлээс болж үрэгдүүлэх, хилээр заасан хэмжээнээс /20000 юань/ их бэлэн мөнгийг мэдүүлэггүй оруулах зэрэг  зөрчил элбэг тохиолддог. БНХАУ-ын хуулиар хугацаа хэтэрсэн хоног бүрт 500 юанийн торгууль ногдуулдаг. Бичиг баримтаа үрэгдүүлсэн тохиолдолд заавал буцах виз авах ёстой ба дор хаяж ажлын таван хоногийн хугацаа шаарддаг. Дээр нь санамсаргүй байдлаар гэмт хэргийн золиос болж  хэрэгт татагдан орох явдал тасрахгүй байгаа зэрэг нь иргэдийн хууль эрх зүйн наад захын мэдлэг дутмаг, хайхрамж болгоомжгүй байдалтай холбоотой. Иймд дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдэвт сурталчилгаа, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тогтмол явуулж байх шаардлагатай байна хэмээн ЭСЯ-ны Консулын газраас анхааруулж байлаа.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, бид зорчиж, ажиллаж амьдарч буй улсынхаа хуулийн наад захын мэдлэгийг судалж,  хүний нутагт анхаарал болгоомжтой биеэ авч явахгүй бол нэгэнт гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг нь болох буй за.
 
А.Анхбаяр
Холбоотой мэдээ