Төрийн архивт байгаа сонирхолтой баримтуудаас нийтэд дэлгэн үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-03 21:29:33
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо “Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөг ирэх даваа гарагт болж, төрийн архивт хадгалагдаж байгаа кино, гэрэл зураг, дуу авианы  сонирхолтой баримтуудыг нийтэд дэлгэн үзүүлнэ.  
Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр  архивын баримтын дээжээр үзэсгэлэн гаргахын зэрэгцээ төрийн архивын үйл ажиллагааг байгууллага, иргэдэд сурталчилж, архивын лавлагаа үйлчилгээ үзүүлэн, төрийн архивын үйл ажиллагааны талаар байгууллага, иргэдийн санал хүсэлтийг сонсон, санал асуулга авах ажээ.
 
Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан Монгол төрийн архивын үйл ажиллагаа, түүхэн замнал, хөгжил дэвшлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор дээрх “Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг Сэлэнгэ аймагт зохион байгуулах гэж байгаа ажээ.
Тус өдөрлөг даваа гарагт 10-16:00 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Нутгийн удирдлагын ордны гуравдугаар байранд байрлах Төрийн архивын тасагт явагдах юм.
Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ