Ховд, Завханы нутагт 100 мянган толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-11-28 20:40:55
 Увс /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 27-ны өдрөөс Увс аймагт ажиллаж байна. Энэ үеэр аймгийн Онцгой комисс хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, өвс тэжээлийн нөөц, малын вакцинжуулалтын талаар мэдээлэл хийлээ.
Увс аймагт энэ өвөл 92 багийн 10892 өрхийн 3 сая 25 мянга 906 толгой мал өвөлжинө. Отор нүүдлийн хувьд Ховд аймгийн Мянгад, Дөргөн сум, Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин, Завханмандал сумын нутагт Өлгий, Завхан, Наранбулаг, Хяргас, Цагаанхайрхан сумдаас 558 өрхийн 107.6 мянган толгой өвөлжихөөр болжээ. Эдгээр малын 17.5 мянга нь бод, 90.1 мянга нь бог мал байна.
Малчид өөсдийн хэрэгцээнд 50100 тн өвс, 1900 тн тэжээл, 8020 тн хужир шүү бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 44737 тн өвс, 1185 тн тэжээл, 5637 тн хужир шүү бэлтгээд байна. Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 319.4 тонн өвс, 64 тонн тэжээл байгаа бөгөөд нэмж 400 тонн өвс, 200 тонн тэжээл бэлтгэхээр ажиллаж байна. Харин сумдын аюулгүйн нөөцөд 685.9 тн өвс, 188.3 тонн тэжээл бэлтгэсэн аж. Аймгийн 2017-2018 оны мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 85.9 хувь, төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувиар хангагдсан байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ