Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сэтгүүлчдийг Төрийн Думын ордон руу нэвтрэхийг хориглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-06 17:36:04
МОСКВА. /ТАСС/. Москва хотын Охотны Ряд гудамжинд байдаг Оросын парламентын доод танхим буюу Төрийн Думын ордон руу “гадаадын агент”-ын жагсаалтад багтсан АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тухайлбал “Эрх чөлөө” болон “Америкийн дуу хоолой” радиостанцуудын сэтгүүлчдийг орохыг хориглосон тухай ТАСС агентлаг мэдээллээ.

Тус хоёр байгууллагыг ОХУ-ын Хуульзүйн яам мягмар гарагт буюу өчигдөр албан ёсоор “гадаадын агент”-уудын жагсаалтад оруулсан бол сэтгүүлчдийг нь Төрийн думын ордонд орохыг хориглох шийдвэрийг Оросын хууль тогтоогчид өнөөдөр гаргажээ.

Кремлиэс санхүүжилт авдаг “Russia Today” агентлагийн Америк дахь салбарыг “гадаадын агент” гэж бүртгүүлэхийг шаардсан агуулга бүхий албан бичгийг АНУ-ын Хуульзүйн яам өнгөрсөн сарын эхээр илгээсний хариуд ОХУ-ын парламент “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тухай хууль”-даа “Орост үйл ажиллагаа явуулж буй гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “гадаадын агент” гэсэн тодотголтойгоор Оросын холбогдох байгууллагад бүртгүүлэх шаардлагатай” гэсэн нэмэлт өөрчлөлтийг саяхан оруулсан билээ. 
Холбоотой мэдээ