Оросын сүм хийдүүдэд 3 сая орчим сүсэгтэн мөргөл үйлдэв

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-01-08 13:46:44
Москва /МОНЦАМЭ/.ОХУ-ын ард түмэн Үнэн алдартны шашинтнуудын Зул сарын баяр буюу Есүс Христийн төрсөн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ сарын 7-ны өдөр Бүх Оросын мянга мянган сүм хийдэд 3 сая орчим сүсэгтэн мөргөл үйлдэв.
 
Нэгдүгээр сарын 6-д шилжих шөнө Бүх Оросын Үнэн алдартны шашны тэргүүн Кирилл Москва хотын Аврагч Христийн сүмд мөргөл үйлдэж сүсэгтэн олонд баярын мэндчилгээ хүргэсэн юм. Есүс Христ төрснөөр энэрэнгүй хайр, сайхан сэтгэл, мөнхийн амьдралын найдварыг хүн төрөлхтөнд авч ирсэн хэмээн Үнэн алдартны шашинд сургадаг аж.
 Тэрбээр ”Хайр бол ертөнцийн үүсэл хөгжлийн хамгийн гол түлхүүр. Харин өнөөдөр хүмүүсийн бие биенээ хайрлах хайр, бурханыг хайрлах хайр суларчээ. Хүн төрөлхтөн Эзэн Есүс Христийг ирж бидний амьдралыг өөрчлөх өдрийг удаан хүлээсэн. Харин түүнийг бидний дунд ирснийг эрдэмтэн мэргэд, жирийн хоньчдоос өөр хэн нь ч анзаараагүй. Анзаараагүйн учир нь хүмүүс бурханыг ширүүн, хүчирхэг хаанаар төсөөлж байсан. Гэтэл Есүс Христ хэний ч үл таних жирийн нэгэн эмэгтэйгээс төрж, хүмүүст дайснаа хүртэл хайрлах тухай зааж эхэлсэн. Энэ өдөр айдас, дайсагналаа мартаж, өөрийнхөө эргэн тойрноос асуудлыг бус мөн чанар, хайрыг олж хараарай” хэмээсэн юм.
 Баяр бүр өөрийн онцлогтой. Тэгвэл Үнэн алдартны Зул сарын баярын нэгэн онцлог мацаг барихад оршдог. Шашны ёсонд нэгдүгээр сарын 7-ны өдөр хүртэл дөч хоног мацаг барьж аль болох хөнгөн хооллодог дүрэмтэй. Харин баярын өдрийн орой мацгаа тайлж, хүссэн хоолоо зооглож болдог.
 Дашрамд дурдахад Католик шашинтнууд Зул сарын баярыг 12 дугаар сарын 25-ны өдөр тэмдэглэдэг бол, Үнэн алдартнууд нэгдүгээр сарын 7-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Хоёул адил Христийн шашны баяр атлаа 13 өдрийн зайтай тохиодгийн учир нь энэхүү шашны хоёр урсгал Григорианы болон Юлианы хоёр өөр хуанлигаар тоологддогт оршдог.
 
Л.Нандиа
 
Холбоотой мэдээ