Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 2.5 дахин их байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2018-01-11 11:25:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн амын дундах давсны хэрэглээг бууруулах зорилгоор ХХААХҮЯ-наас “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх болов.
 
Энэхүү арга хэмжээг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад ХХААХҮЯ, ЭМЯ болон аж ахуйн нэгжүүдийн 150 гаруй төлөөлөл оролцов. Дээрх арга хэмжээний хүрээнд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн дэх давсны агууламжийг бууруулах, давсны хэрэглээний стандарт, дүрэм, журмыг боловсруулах, хүн амын дундах давсны хэрэглээг багасгах нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
 
ДЭМБ-аас нэг хүн хоногт дунджаар 5-6 грамм давс хэрэглэх зөвлөмж гаргасан байдаг. Гэвч Монгол Улсад 2.5 дахин их буюу 11.5-11.5 грамм байна. Мөн аймаг бүрийн онцлогоос үүдэн давсны хэрэглээ өөр байгаа юм. Тухайлбал, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт нэг хүн хоногт 15 грамм давс хэрэглэдэг бол Дорнод, Сүхбаатар аймагт 7.7 грамм байгаа аж. Давсны хэрэглээ өндөртэйгөөс үүдэн хүн амын дундах нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин буюу цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, тархины цус харвалт эзэлж байгаа юм. Тиймээс хүн амын давсны хэрэглээг бууруулах шаардлага зүй ёсоор тулгарсан гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалаг танилцуулав.
 
Тэрбээр, “2015 онд баталсан Засгийн газрын тогтоолоор 2025 он гэхэд Монгол хүний давсны хэрэглээг 30 хувиар бууруулна. Үүний тулд нэн тэргүүнд үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн болон нийтийн хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулах ёстой. Энэ чиглэлд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс санал, санаачилга гарган ажиллаж байна. Тухайлбал, 2011 оноос хойш “Талх чихэр” компани 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг бууруулсан. 2014 оноос “Мах маркет” компани гурван нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг 40-60 хувиар бууруулсан. Энэ мэт сайн туршлагыг бусад аж ахуйн нэгжүүдэд хүргэхийг зорьж байна” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ