Хар тамхи, мөрийтэй тоглоомын хэргээр 100 гаруй хүнийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-16 16:55:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газар зэрэг байгууллагатай хамтран нийслэлд нууцаар үйл ажиллагаа явуулдаг автомат мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлэн, шалгаж эхэлснээ мэдээлэв.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох, иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр шалгалтыг хийж байна. Шалгалтаар Баянгол дүүргийн нутагт автомат тоглоомын газар ажиллуулж байсан хүмүүсийг илрүүлж, орлогын мөнгө, төлбөрийн карт зэргийг хураан авчээ. Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан "Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан" хэд хэдэн зөрчил илрүүлэн, тухайн тоглоомын газруудаар үйлчлүүлж байсан 21-50 насны 100 гаруй иргэнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, эсэхийг шалгасан байна. Харин мөрийтэй тоглож байсан хүмүүсийн хэнээс ч мансууруулах бодис илрээгүй гэж албаныхан мэдээлэв. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ