Биокомбинатыг Унгарын хөнгөлөлттэй зээлээр шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-11-25 10:31:02

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Биокомбинат Төрийн өмчит үйлдвэрийн газрыг шинэчлэх төслийн талаар мэдээлэл сонсов. 

Үүний дараа Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газрыг шинэчлэх төслийн талаарх мэдээлэл сонсов. Бүгд Найрамдах Унгар Улсаас хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Био комбинат төрийн өмчит үйлдвэрийн газрыг шинэчлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж. Өнөөгийн Биокомбинат үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмж нь одоогоос 40-өөд жилийн өмнөх үеийнх бөгөөд тэр үеийнхээс бага зэрэг өөрчлөлт оруулсан технологиудаар үйлдвэрлэлээ явуулж байгаа юм байна. Цаашид одоогийн статусыг хэвээр хадгалж, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний үнийг чөлөөлөн зах зээлд өрсөлдөх боломжоор хангах, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар барилга байгууламж, тоног төхөөрөмж, техник технологийг шинэчлэх шаардлагатай байгаа аж. 

Мөн Биокомбинатыг шинэчлэх хөрөнгө оруулалтын чиглэлээр Вирусын гаралтай биобэлдмэл үйлдвэрлэлийн барилга, байгууламж шинээр барьж, шаардагдах техник, тоног төхөөрөмжөөр тоноглох, Лабораторийн шинэ барилга барих, Байгаль орчинд халгүй үйлдвэрлэл эрхлэх, найдвартай ажиллагааг хангах шаардлагад нийцүүлэн инженерийн байгууламж, гадна шугам хоолойг шинэчлэх, Хүний нөөцийг чадавхжуулах ажлуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай юм байна. 

Байнгын хорооны гишүүд сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд тооцоо, судалгаа сайтар нягталж үзэхэд Хүнс хөдөө аж ахуйн яам, Сангийн яам онцгойлон анхаарах шаардлагатайг хэлэв. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг сонсч гурван чиглэлээр Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөх нь зүйтэй гэж тогтов.

Мөн хуралдаанаар “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.  

Н.Туяа

Холбоотой мэдээ