Хятад улс АНУ-ын импортын зарим бараа бүтээгдэхүүний татварыг нэмнэ

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-03-24 12:30:07

Бээжин /МОНЦАМЭ/.АНУ-аас импортолж буй зарим бараа бүтээгдэхүүний татварыг нэмэхээр  төлөвлөж байна хэмээн өнөөдөр БНХАУ-ын Худалдааны яамнаас мэдээллэв.

Энэ нь АНУ-аас Хятад улстай хийх худалдааны алдагдлыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хариу  арга хэмжээ юм.
Хятадын Худалдааны яам АНУ-аас орж ирж буй ган, хөнгөн цагаан  бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлж, АНУ-тай хийж буй ган, хөнгөн цагааны худалдаан дахь Хятадын талын ашгийг хамгаалж, үүсч буй хохирлыг барагдуулж байна хэмээв.
Тус бараа бүтээгдэхүүний жагсаалтад 7 төрлийн 128 бараа бүтээгдэхүүн багтжээ. 2017 оны статистикаас харахад, АНУ-аас Хятадруу 3 тэрбум ам.долларын холбогдох бараа бүтээгдэхүүнийг экспортолжээ. Эхний хэсэгт 977 сая ам.долларын жимс, жимсэн бүтээгдэхүүн, вино, гагнаасгүй ган хоолой, америк орхоодой зэрэг 120 төрлийн барааны татварыг 15 хувиар нэмэх, хоёрдугаар хэсэгт 1.9 тэрбум ам.долларын гахайн махан бүтээгдэхүүн, хөнгөн цагаан бүтээгдэхүүн зэрэг 8 төрлийн барааны татварыг 25 хувиар нэмэгдүүлэх аж.
Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Хятадын тал Дэлхийн Худалдааны байгууллагын “Хамгааллын гэрээ”-ний дагуу тус жагсаалтыг боловсруулсан. Хэрвээ Хятад-Америк талууд тогтсон хугацааны дотор нөхөн төлбөрийн гэрээ байгуулж чадахгүй бол Хятадын тал эхний хэсэгт багтсан бараа бүтээгдэхүүнд ногдох татварыг нэмэх бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. АНУ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ манай улсад хэрхэн нөлөөлж буйг дахин нарийвчлан судласнаар бид хоёрдугаар арга хэмжээг авна. Хятадын талд бодит байдалтай уялдуулан зохицуулалт хийх эрх байгаа. Дэлхийн Худалдааны байгууллагын дүрэм журмын дагуу шаардлагатай арга хэмжээг авах болно” гэв.  
Мөн тэрээр “Хятад-Америк бол дэлхийн нэг, хоёр дахь том эдийн засагтай улсууд. Хамтын ажиллагаа бол цорын ганц зөв зам. Талууд цаашдаа эдийн засгийн эрүүл тогтвортой хөгжлийг хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
А.Анхбаяр
 

Холбоотой мэдээ