Москвагийн Бауманы ТИС-ийн баг тэргүүн байр эзэлж мөнгөн шагнал, шилжин явах цом гардав

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-03-26 12:51:41
Москва /МОНЦАМЭ/.Энэ сарын 24-ний өдөр оюунлаг хөгжлийг дэмжигч “Ле-Мон” клуб ОХУ-д суралцагч оюутан залуусын дунд Гар бөмбөгийн анхдугаар тэмцээн зохион байгууллаа. Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэй Москва хотын Улс Түмний Найрамдлын Их сургуулийн спорт зааланд болсон тэмцээнд Москва, Санкт-Петербург, Воронеж, Липецк, Нижний-Новгород зэрэг хотын 120 гаруй оюутан 15 баг өрсөлдөв.
 
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б.Дэлгэрмаа тус тэмцээнийг нээж үг хэлэв. Тэрбээр, "Оюутан залуусын хичээлээс гадуурх чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж, ОХУ-д төгссөн бахархал, сайхан дурсамжийг бүтээхэд тустай энэхүү тэмцээнийг цаашид дэмжиж ажиллана" гэлээ.  
Өмнө нь гар бөмбөгийн тэмцээнийг зөвхөн цэрэг, цагдаа зэрэг хүчний сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг байсан бол энэ удаагийн тэмцээнд энгийн сургуулийн оюутнууд оролцож буйгаараа онцлог байв. “Ле-Мон” клуб 5 жилийнхээ ойн хүрээнд хэд хэдэн тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь Гар бөмбөгийн тэмцээн юм. Гэвч аливаа уралдаан тэмцээнийг зохион байгуулахад санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Энэ удаагийн тэмцээнийг ЭСЯ-аас санхүүжүүлж буйд талархаж байгаагаа "Ле-Мон" клубын тэргүүн Ж.Отгонгэрэл хэлж байв.
 
Гар бөмбөгийн анхдугаар тэмцээнд Москвагийн Эрчим хүчний их сургуулийн баг гуравдугаар байр, зохион байгуулагч “Ле-Мон” клубын баг хоёрдугаар байр, Бауманы нэрэмжит Москвагийн Техникийн их сургуулийн ”Бауманская братва” баг  нэгдүгээр байр тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал, шилжин явах цомын эзэд болов.
Л.Нандиа
 
 
 
 

Холбоотой мэдээ