"Өндөр гэгээн" дуулалт жүжиг “Гэгээн муза”-д өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-27 17:01:19

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдийн “Өндөр гэгээн” дуулалт жүжиг “Гэгээн муза 14” театрын урлагийн шилдэгийн шилдэгийг шалгаруулах олон улсын наадамд өрсөлдөхөөр болжээ.
"Өндөр гэгээн" жүжиг нь хөгжимт жүжгийн төрөлд өрсөлдөх бөгөөд шилдэг найруулагч төрөлд Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, шилдэг хөгжмийн зохиолч номинацид Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Т.Сэр-Од, шилдэг тайзны зураач төрөлд Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, шилдэг эрэгтэй гол дүр төрөлд Өндөр гэгээний дүрээр залуу жүжигчин Ч.Лхагвадорж, шилдэг эрэгтэй туслах дүрээр жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Б.Сандуйжав Тойн ламын дүрээр, шилдэг эмэгтэй туслах дүр номинацид залуу жүжигчин Б.Ариунзаяа Манжийн хатны дүрээр тус тус нэр дэвшиж өрсөлдөхөөр болжээ.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид театрынхаа 60 жилийн ойд зориулан Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театртай хамтран “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг тайзны бүтээл болгож үзэгч түмэндээ өргөн барьсан билээ. Өнөөдрийн байдлаар Завханы театрт тус дуулалт жүжгийг нийт 14 удаа тоглож, 5000 орчим үзэгчдэд хүрээд байгаа ажээ.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ