Г.Болдбаатар Чэжүгийн аваргын төлөө хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-26 16:35:22

БНСУ-ын Чэжү хотод жүдо бөхийн гранпри тэмцээн өнөөдөр эхэлсэн бөгөөд энэ өдөр татамид зодоглож буй манай жүдочдоос гавьяат тамирчин Г.Болдбаатар финалд шалгараад байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын С хэсгийг тэргүүлсэн гавьяат тамирчин Г.Болдбаатар Япон, БНСУ, Бразилын бөхчүүдийг ялж хагас шигшээд үлдсэн. Улмаар Азербайжаны жүдоч Орхан Сафаровыг юүкогоор ялж, финалд шалгарсан бөгөөд аваргын төлөө БНСУ-ын жүдоч Вон Жин Кимтэй барилдана.

Энэ өдөр барилдсан манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн хоёрдугаар тойргоос, 66 кг-д Д.Алтансүх гуравдугаар тойргоос тэмцээнээ дуусгав. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д П.Буянхишиг, 57 кг-д Л.Энхрийлэн нар эхний тойрогт өрсөлдөгч нартаа ялагдлаа. Эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан гавьяат тамирчин М.Бундмаа БНСУ, Испаний жүдочдыг ялсан ч хэсгийн аваргын төлөө Румын улсын Андрееа Читуд хожигдлоо. Манай бөх хүрэл медалийн төлөөх дагах барилдааныг Израилийн Ронитой хийсэн ч торгуулиар ялагдаж, шагналт VII байрт шалгарав. Энэ сарын 28-нд өндөрлөх Чэжүгийн Гран при тэмцээнд дэлхийн 70 орны 421 жүдоч (эрэгтэй 237, эмэгтэй 184) оролцож байна. Манай улсаас эрэгтэй 9, эмэгтэй 7 жүдоч өрсөлдөж байгаагаас тэмцээний эхний өдөр 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодрох юм.

Дашрамд дуулгахад, Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын аваргын төлөөх барилдаанд ОУХМ Г.Отгонцэцэг үлдлээ. Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж байгаа манай бөх Турк, Итали, Румын, Бразилын жүдочдыг ялж, финалд шалгарсан юм. Г.Отгонцэцэг аваргын төлөө Унгарын бөхтэй барилдана.

Д.Өлзий

Холбоотой мэдээ