Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах шаардлагатай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-29 00:12:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар  зөвлөл холбогдох байгууллагуудтай хамтран “Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт аймгийн нэгдсэн зөвлөгөөнийг Хөгжимт драмын театрт өнөөдөр зохион байгууллаа.

Арга хэмжээнд сумдын удирдлагууд, сургуулиудын захирал, нийгмийн ажилтнууд, эцэг эхийн төлөөллүүд оролцож,  хүүхэд хамгаалал, хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхэд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний зан үйл, ойлголт, хандлагад нөлөөлөх асуудлуудыг хэлэлцлээ.

Зөвлөлгөөнд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ: "Өнөөдөр аймгийн хүн амын тоо 102 мянгад хүрлээ. Үүний 34,6 хувийг 0-18 насны хүүхэд, залуучууд эзэлж байна. Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлага ажиглагдаж, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд оролцсон гэмт хэрэгт онцгой анхаарал хандуулах шаардлагатай боллоо. Тийм учраас гэр бүл, хүүхдүүдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх ажлуудыг эрчимжүүлэх арга хэмжээ авч байна" хэмээлээ. Түүнчлэн хүчирхийллээс хамгаалах байр байгуулах хөрөнгийг энэ жилийн орон нутгийн төсөвт суулгасныг онцоллоо.

Дашрамд дурдахад, Баян-Өлгий аймагт 2017 онд хүүхэд оролцсон найман гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх онтой харьцуулахад 33,3 хувиар өссөн юм. Мөн 7-17 насны 19 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол бүртгэгдсэн ажээ.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ