Д.Ганхуяг: Хоёр улсын худалдааны эргэлтийг ойрын жилд 10 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-03-31 22:12:20
 Бээжин /МОНЦАМЭ/. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх сарын  9-нөөс БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж буйтай холбогдуулан Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягтай ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тун удахгүй БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байгаа энэ чухал цаг мөчид тантай ярилцлах болсондоо таатай байна.
Манай хоёр улсын харилцаа  одоо ямар түвшинд  хүрээд байгаа талаар ярилцлагаа эхлэе?


-БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад айлчилж, хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр тохиролцсон. Өнгөрсөн хугацаанд хоёр талын хүчин чармайлтын үр дүнд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд хамтын ажиллагаа нийгмийн бүхий л салбарт идэвхтэй хөгжиж өндөр, дээд түвшний уулзалт, яриа тогтмолжиж, энэ нь хоёр улсын харилцааны найрсаг уур амьсгал, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болж байна.
2018 он гарсаар УИХ-ын гишүүн, Зам тээвирийн сайд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д хийсэн айлчлал их амжилттай болсон. Мөн Монгол-Хятадын Бизнесийн уулзалтыг ЭСЯ-д зохион байгууллаа. Монгол, Хятадын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурал, Парламент хоорондын байнгын механизмын хоёр дахь удаагийн уулзалт зэрэг арга хэмжээнүүдийг Бээжин хотноо амжилттай зохион байгуулсан нь өндөр дээд түвшний харилцан айлчлал, хууль тогтоох байгууллага, боловсрол, соёл, спорт, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.
Хоёр орны харилцаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна.
 
-Та Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц  бөгөөд  Бүрэн Эрхт  Элчин  сайдаар томилогдон ажилласнаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Өндөр дээд түвшний айлчлалуудыг ч та дурдлаа. Энэ хугацаанд гарсан нааштай өөрчлөлт, шинэчлэл  юу байв? 

-Миний бие 2016 оны 9  дүгээр сарын 14-ний  өдөр  БНХАУ-ын дарга Ши Жиньпинд Итгэмжлэх жуух бичгээ барьж, Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд хоёр орны өндөр, дээд түвшинд хүрсэн харилцааг гүнзгийрүүлэх, хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эх орныхоо түүх, хэл соёлыг суугаа орондоо сурталчлах, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах гээд бүхий  л чиглэлээр ажиллаж байна. Ер нь бол хоёр орны харилцааны чухал биш салбар гэж байхгүй, бүх чиглэлээр жигд хөгжүүлэхээр ажиллаж байна.
Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хамтын ажиллагааны бие биенээ нөхөх давуу талуудыг сайтар ашиглах, харилцан ашигтай байх зарчмаар хамтран ажиллах орон зай, нөөц бололцоо их байна . Цаашид хоёр орны хувьд худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэг, аялал жуулчлал, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг олон салбарт хамтран ажиллах боломжууд бий бөгөөд энэ боломжийг аж ахуйн нэгж, байгууллагууд соргогоор харж хоёр талын хуулийн хүрээнд хамтран ажиллах нь зүйтэй юм. ЭСЯ-ны зүгээс тэдгээрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байна.

 -Хоёр орны соёл хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа жаахан удаашралтай байх шиг ажиглагддаг. Эдийн засгийн чиглэлд цаашид хамтран ажиллах ямар боломжууд байна гэж та харж байна? Талууд цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг ямар байдлаар хөгжүүлэх сонирхолтой байна вэ? Манай улсын хувьд Хятадын энэ том зах зээлийг хэрхэн ашиглах ёстой вэ? Хөрөнгө оруулагчдын Монгол Улсад  итгэх итгэл ямар байна вэ? 

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайд түшиглэсэн байдлыг өөрчилж, олон тулгуурт болгохыг зорьж байна. Энэ зорилтын хүрээнд 2017 онд "Хөгжлийн зам" болон “Бүс ба Зам" санаачилгыг уялдуулах тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Бид “Бүс ба Зам” бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн хөгжил зэрэг ч багтаж байгаа юм.
Монгол, Хятад хоёр улс бол мөнхийн хөршүүд, нийт 4700 км газар нутгаар хиллэдэг, хоёр улсын хооронд хилийн 13 хос боомтоор иргэд харилцан зорчиж, худалдааны үйл ажиллагаа явуулж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Монголын экспортын бараа бүтээгдэхүүний гол зах зээл бол Хятад улс байдаг. Энэ оны байдлаар манай улс дэлхийн 52 улсад бараа бүтээгдэхүун экпортлосноос 89.1 хувийг Хятад улсад гаргасан байна. Хоёр улсын худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 10 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байгаа.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд худалдаанд таатай нөхцөл бүрдүүлэх, юуны өмнө манай талын боомтуудын нэвтрүүлэх хүчин чадал бага, дэд бүтцийн хувьд хоцрогдонгуй байгаа нь хоёр талын худалдааг цаашид өргөжүүлэх боломжийг хязгаарлаж буй гол хүчин зүйлсийн нэг бөгөөд энэ байдалд дүгнэлт хийж Монгол Улсын хөгжлийн ойрын болон хэтийн бодлого, стратегитай хилийн боомтуудын хөгжлийг уялдуулах, төрөл, зэрэглэлийг ахиулах, горимыг шинэчлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.
Уул уурхайн салбараас гадна нөөц бололцоо ихтэй нэг салбар бол хөдөө аж ахуй, аялал жуулчлал юм. Манай хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний байгалийн цэвэр, органик чанарыг дэлхийн аль ч улс өндрөөр үнэлдэг. Өнөөгийн хятад хүмүүсийн хэрэглээ, соёлд нь нийцүүлбэл, зах зээлийн өргөн боломж ихтэй гэж харагддаг.  Хятад улсад амьжиргааны түвшин дээшлэхийн хэрээр бараа бүтээгдэхүүний чанарт анхаарч, өндөр шаардлага тавьдаг. 
Монголын үхэр, хонь, ямааны түүхий махыг БНХАУ-д экспортлох асуудлыг 2015 онд өндөр, дээд түвшинд хятадын талд тавьсны үр дүнд 2015 оны 9 дүгээр сараас тодорхой хэмжээний экспорт хийж байсан боловч,  малын өвчин гарснаас болоод түр зогсоод байгаа. Хятадад Монголын түүхий махны зах зээл, хэрэгцээ асар их байгаа учраас хятадын холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан манай  Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн борлогдохгүй байх вий гэдэгт санаа зовох зүйлгүй. Хамгийн гол нь манай бүтээгдэхүүн тасралтгүй тогтвортой нийлүүлэх, чанарын шаардлага хангасан байхыг  хятадын тал тавьж байгааг анхаарууштай. Цаашид нээгдэж буй энэхүү бизнесийн боломжийг урт хугацаанд тогтвортой, бүрэн дүүрэн ашиглах явдал чухал.
Манай мал аж ахуйн түүхий эд болон сүү, мах, арьс шир боловсруулах чиглэлд хамтран ажиллах, хятадын болон бусад орны зах зээлд гаргах ихээхэн боломж ирээдүй бий. Иймд малаа эрүүлжүүлэх чиглэлээр хятадын талтай идэвхтэй хамтран ажиллах боломжтой.
Мөн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нөөц бололцоо ч их байна. Сүүлийн жилүүдэд Хятад жуулчдын тоо дэлхийд тэргүүлсэн хэвээр, хятад жуулчдын тухайн улсын эдийн засагт оруулсан орлого өндөр байна. Зарим орнууд хятад жуулчдыг татахын тулд тэдэнд зориулж аялал жуулчлалын хөнгөлөлтэй нөхцөл бүрдүүлдэг. Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд бусад улсаас жишээ авч суралцах хэрэгтэй.
Цаашид экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, нэг нь сулрахад нөгөө нь орлодог, баланс барьж чадах худалдааг хөгжүүлэх шаардлагатай. 
Мөн “Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хятадын тал соёрхон баталсан тухай мэдэгдсэн нь манай улсын бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд экспортлох боломжийг баталгаажуулах, ашиглах далайн боомтын тоог нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой.
Мөн хоёр талын хооронд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжиж байна. Монгол Улс эрчим хүчний нүүрсний баялаг ихтэй орон. Энэхүү давуу талаа ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ БНХАУ болон хил залгаа бүс нутгуудад экспортлох сонирхолтой байдаг. Монгол Улс БНХАУ-ын хооронд эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломж бий.
 -Гурван улсын эдийн засгийн коридорын ажил ямар шатанд явж байна? Манай улсын Хөгжлийн зам санаачилга Хятадын Бүс ба зам санаачилгатай хэрхэн уялдаж, ямар үр дүнд хүрч байна вэ?

-Монгол, Хятад, Орос гурван талт хамтын ажиллагаа идэвхжин, Монголын "Хөгжлийн зам", Хятадын "Бүс ба зам”, Оросын "Транссибирийн төмөр зам"-ын төслүүдийг уялдуулан хөгжүүлэх, эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурж, энэ хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг гаргасан. Одоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх механизмаа байгуулахаар гурван талын яриа хэлэлцээ үргэлжилж байна. Эн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдээ тохиролцсон. Энэхүү бүтээн байгуулалт нь гурван улсын хөгжлийн стратегийг уялдуулах гол нөхцөл болно гэж үздэг. Эдийн засгийн ашиг хүртэхийн тулд нарийн судалгаа, тооцоо хийсэн байх шаардлагатай бөгөөд гурван талын ашиг сонирхол нэг цэг дээр давхцаж байж энэхүү бүтээн байгуулалт бодитой ажил хэрэг болно.
Манай холбогдох байгууллагууд энэ хөгжлийн стратегитай гадаад эдийн засгийн бодлогоо уялдуулж, эдийн засгийн ашиг хүртэхийн тулд нарийн судалгаа, тооцоог хийх шаардлагатай.
Нөгөөтэйгүүр газар зүйн давуу тал буюу транзит байршлаа маш сайн ашиглах шаардлагатай гэж үзэж байна. Хятад болон Азиас Европ руу болон ОХУ-аас Хятад руу чиглэсэн тээврийн урсгалыг Монголын нутгаар дамжин өнгөрүүлэх тоо хэмжээг нэмэгдүүлж байгаа нь сайхан эхлэл юм.  
Гурван улс төдийгүй цаашлаад Ази, Европын бүс хоорондын зорчигч болон бараа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх коридор байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.
“Бүс ба зам" нь дан ганц зам, харилцаагаар хязгаарлагдахгүй газрын тос, эрчим хүч, байгалийн хий, мэдээлэл сүлжээ, соёл, хүмүүнлэг, аялал жуулчлал зэрэг олон салбарыг хамарсан өргөн хүрээний хамтын ажиллагаа гэж ойлгож байна.
Монгол Улс нь "Бүс ба Зам" санаачлагын хүрээнд Хятад Улстай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг зорьж, энэ хүрээнд Монгол Улс Европ-Ази тивийг холбох гүүр болохыг эрмэлздэг. Манай энэхүү хүсэл, эрмэлзлэлийг  Хятадын Засгийн газар дэмжиж байгаад бид их талархаж байгаа.
 
-Удахгүй Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах гэж байна. Энэхүү айлчлалаар талууд ямар үр дүн хүлээж байна вэ? Хэлэлцэх гол асуудлууд болон айлчлалын ач холбогдлын талаар та юу хэлэх вэ?
-БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян-ий урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  4 дүгээр сарын эхээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар "Боао-гийн чуулга уулзалт" -д оролцоно. Айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлж ажиллахад шинэ Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд зарим асуудлууд бодит ажил хэрэг болж хэрэгжиж байгаад баяртай байна.
Ерөнхий сайдын хувиар БНХАУ-д хийж буй анхны айлчлал бөгөөд энэ удаагийн айлчлалын гол зорилго нь хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, yлc төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх салбарт тогтвортой хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулж, бодит үр дүнд хүргэхэд чиглэж буй юм. Монгол Улсын Засгийн газар энэ удаагийн айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд айлчлалын үеэр талууд олон чухал тохиролцоонд хүрнэ гэсэн хүлээлттэй байна.
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлж ирсэн дэмжлэг, туслалцаанд манай ард түмэн талархалтай байдаг. Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын эдийн засгийн бүтцийг өөрчилж, дан ганц уул, уурхайн салбарын экспорт давамгайлсан байдлыг арилгаж, олон тулгуурт болгох зорилго тавин ажиллаж байна.
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хэрэгжилтийг түргэтгэх, бодит ахиц гаргах чиглэлд талууд идэвхтэй ажиллаж байгаагаас гадна Монгол Улсын нийгэмд харагдахуйц, шууд үр ашиг өгөх төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дэд бүтэц, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөх эдгээр төсөл, арга хэмжээнүүд аль болох эрт биеллээ олж, Монголын ард түмэнд үр ашгаа хүртээнэ гэдэгт итгэж байна.Цаашид өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах нь улс төрийн үндэс, суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэхийг хүсч байна

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  ирэх 6 дугаар сард БНХАУ-ын Чиндао хотод  болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэ үеэр ямар асуудлууд яригдах вэ?

-ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт энэ оны 6 дугаар  сард БНХАУ-ын Чиндао хотод болно. Монгол улс өмнөх дээд хэмжээний уулзалтуудад байнга оролцож ирсэн. Бид уулзалтад оролцохоор бэлтгэлээ хангаж ажиллаж байна. Ямар асуудлаар хэлэлцэж, ямар тохиролцоонд хүрэх талаар одоо ярихад эрт байна.
 
-Хятадын талаас манай улс руу өндөр дээд хэмжээний айлчлал хийх тов байгаа юу? Хоёр орны хооронд хийх дараа дараагийн томоохон айлчлалууд юу байна вэ?

-Монгол улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр БНХАУ-аас Монгол Улсад хийх айлчлалын талаар хөндөж ярина. Хятадын тал ч энэ асуудалд анхаарал хандуулж байгаа. Хятадын талаас өндөр түвшний айлчлал манай улсад хийнэ гэдэгт итгэлтэй байна.
 
-Өнгөрөгч онд болсон ХКН-ын Их хурал, саяхан зохион байгуулагдсан “Хоёр чуулган” зэрэг улс төрийн томоохон үйл явдлууд Хятад улсад болж өнгөрлөө. Эдгээр хурлуудаас гарсан үр дүн манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

-Өнгөрсөн оны 10 дугаар сард ХКН-ын 19 дүгээр Их хурал, энэ 3 дугаар сард  "Хоёр Их хурал" амжилттай болж, сүүлийн 5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, ололт амжилтаа танилцуулж, хятадын ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал шийдвэрүүд гарсан.
Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үеийг эхлүүлснийг зарлаж, БНХАУ-ын ирээдүйн хөгжлийн үе шатуудыг нарийн төлөвлөн тодорхойлохын зэрэгцээ хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нийгэмлэгийг бүтээн байгуулах, энх тайвнаар хөгжих явдлыг тууштай дэмжих зэрэг олон чухап зорилтуудыг тодорхойлсныг хөрш орны хувьд бид анхааралтай ажиглаж байгаа. 
Эдгээр шийдвэрүүд нь олон улс, бүс нутгийн энх тайван, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам нээлттэй өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Мөн хятадын талаас тодорхойлсон хөгжлийн бодлого, стратегид Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрхэн уялдуулах, хамтдаа хөгжих боломжийг бий болгох талаар судалж үзэх хэрэгтэй.

-Саяхан ЭСЯ-наас зохион байгуулсан "Монгол улс дахь боломж” бизнесийн чуулган ямар үр дүнд хүрэв? 
-Манай ЭСЯ-ны зүгээс хятадын ажил хэрэгч хүмүүс, бизнесийнхэнтэй уулзалт, арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг.  Монголын салбарын яамд, агентлагийн удирдах ажилтнуудыг урьж, мэдээлэл хийлгэх, хоёр талын аж ахуйн нэгжийн шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, сурталчлах зорилгоор зөвхөн өнгөрөгч онд “Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын форум”, “Транзит Монгол-2017”, “Монгол, Хятадын барилга, хот байгуулалтын хөрөнгө оруулалт-2017” арга хэмжээг хоёр талаас нилээн өргөн хүрээг хамруулан зохион байгууллаа. Эдгээр арга хэмжээ нь хоёр талын аж ахуйн нэгж, иргэд хоорондын шууд хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чухал ач холбогдолтой. Цаашид тогтмолжуулж, үр дүнг сайжруулна.  Хятад нь дэлхийн хамгийн их валютын нөөцтэй, нөлөө бүхий том зах зээл. Дэлхийн улс орнууд энэ том зах зээл рүү орох, хятадтай хамтарч ажиллах сонирхол нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хил залгаа хөрш орны хувьд бид илүү идэвхтэй, алсын хараатай ажиллах шаардлагатай гэж боддог.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо зохион байгуулсан хоёр удаагийн “Монгол, Хятадын ЭКСПО” нь хоёр талын худалдааг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн шууд хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцан итгэлцэл, солилцоог нэмэгдүүлэх, Монгол Улсыг таниулан сурталчлахад чухал үр дүнтэй ажил болсон.

Хилийн чанадад суугаа ДТГ-ын үйл ажиллагааны бас нэг чухал хэсэг нь суугаа орондоо эх орныхоо түүх, хэл, соёлыг сурталчилж, түгээн таниулах явдал байдаг. Энэ чиглэлээр хийж байгаа ажлууд болон цаашдын төлөвлөгөөгөө танилцуулвал? 

-Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны хүрээ өргөжин тэлж, агуулга нь баяжиж байгаагийн зэрэгцээ соёл, хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Монгол Улсын Засгийн газар 2016 онд Үндэсний түүх, өв соёл, зан заншил, урлагийн уламжлал, оюун санааны үнэт зүйлс, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, спортын ололт амжилтыг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид үндэснийхээ өв уламжлал, түүх, соёлыг суугаа орондоо сурталчилж, түгээн таниулахад анхаарал тавин ажилладаг. Бид Монголын түүх, соёлыг сурталчилсан үзэсгэлэн, соёлын өдөрлөг, форум зэрэг арга хэмжээнд оролцох, зохион байгуулахаас эхлээд Элчин сайдын яамныхаа цахим хуудсаар дамжуулан БНХАУ-ын нутаг дэвсгэрт болон дэлхий дахинд байгаа Монголын түүх, соёлтой холбоотой мэдээллийг цуглуулж цахим архив үүсгэх ажлыг эхлүүлсэн.

-БНХАУ-д сурч буй монгол оюутны тоо жилээс жилд нэмэгдэж байна. Иргэдийн зорчих хөдөлгөөний гол чиглэл нь Бээжин, Хөх хот, Эрээн  байдаг. Хятад улсад манай улсын хичнээн иргэн амьдарч байна вэ? Аль хотод илүү ихээр төвлөрч байх шиг байна вэ?

-Сүүлийн жилүүдэд БНХАУ-д хувийн зардлаар болон Засгийн газар хоорондын гэрээ, Хятадын муж, сургуулийн тэтгэлгээр суралцах оюутны тоо  жилээс жилд нэмэгдэж, одоогийн байдлаар 10 мянга гаруй оюутан сурч байгаа мэдээлэл бий. Оюутнуудын дийлэнх нь Бээжин, Шанхай, Тяньжин зэрэг ЭСЯ-ны тойрогт хамаарах  томоохон хотод төвлөрдөг.  Мөн хил орчмын хотуудад бага насны хүүхдүүд ч дунд сургуульд суралцдаг. 
Албан ёсоор хөдөлмөр эрхэлж байгаа болон урт хугацааны томилолтоор ажиллаж амьдарч байгаа 300 гаруй Монголын иргэн Бээжин, Хөх-хот, Эрээн хотод байна.
 
-Иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, гадаад улсад гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар танай ЭСЯ-наас ямар ажил хийж байна вэ?
-Манай иргэд БНХАУ-руу зорчих явдал нэмэгдсээр давхардсан тоогоор 1.3 саяд хүрээд байна. Зорчих хөдөлгөөн нэмэгдэхийн хирээр тэдэнтэй холбоотой асуудал нэмэгддэг. 
Иргэд маань санамсар болгоомжгүй байдлаасаа болж эд зүйлээ алдах, осолд орж эрүүл мэндээрээ хохирох, хэрэг зөрчилд холбогдох, амь насаа алдах  асуудал нэлээд гардаг. Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хуулийн хүрээнд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх нь ДТГ-уудын нэн тэргүүний ажлуудын нэг. ЭСЯ-ны зүгээс иргэдийнхээ асуудлаар шуурхай мэдээлэл авах, асуудлыг нь богино хугацаанд шийдвэрлэхэд анхаарч ажилладаг. Иргэдээ  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сэрэмжлүүлэг хүргэх, сурталчилгаа хийх, материал тараах зэрэг ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн нь эерэг үр дүнд хүрсэн.

Сүүлийн жилүүдэд  манай иргэд гэмт хэргийн шинжтэй асуудалд  холбогдох нь  нэлээд дуулдах болсон. Одоогийн байдлаар гэмт хэрэг зөрчилд холбогдоод байгаа хичнээн иргэн байна вэ?

-Одоогийн байдлаар тус улсад манай 100 гаруй иргэн  гэмт хэрэгт холбогдон  саатуулагдан шалгагдаж байна. Хэргийн төрлөөр авч үзвэл хулгайн хэрэг дийлэнх хувийг эзэлдэг юм билээ.  Ял эдэлж буй 60 гаруй иргэн бий. Тэднийг эргэх, эрх зүйн зөвлөгөө өгөх, өмгөөлөгч, орчуулагчаар хангах, шүүх хуралд ажиглагчаар оролцох ажилд ЭСЯ-ны зүгээс бүхий л боломжоороо дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Сүүлийн үед цахим гэмт хэргийн золиос болж, мөнгө төгрөгөө луйвардуулж, эдийн засгийн хувьд хохирох асуудал гарах нь ихэссэн. Хилийн чанадад зорчиж байхдаа манай иргэд сонор сэрэмж, болгоомжтой явах хэрэгтэй. Наад зах нь бичиг баримтаа гээж үрэгдүүлэлгүй, бусдаас хамаагүй дайвар ачаа эд зүйл авахгүй, зорчиж байгаа орны хууль дүрэм журмыг чанд сахиж явах, “Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг сургаалийг л баримталж явах хэрэгтэй. Ер нь хилийн дээс алхаад л эх орныхоо нэр төрийг өргөж явах үүрэг, хариуцлага, ухамсартай байхыг л чухалчилж захимаар санагддаг.
 
А.Анхбаяр
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Холбоотой мэдээ